Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.
А.Гутерреш нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан.
Холбоотой мэдээ
2024.09.05
2024.07.04
2024.05.27