Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг өнөөдрөөс эхлэн баталгаажуулна
2022.08.19

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг өнөөдрөөс эхлэн баталгаажуулна

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750.661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөх бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.

Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар зохион байгуулна. 6 настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид өнөөдрөөс эхлэн 25-ны өдрийг хүртэл И-Монголиа цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм. Энэ сарын 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг таны утсанд мессеж илгээн мэдэгдэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах юм.

Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн ихээр ханддаг 17 сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн 6 их сургуулийн үйл ажиллагааг онцгойлон анхаарах юм.