ЕБС-ийн “Хүнсний хангамжийн тогтолцоо” сургалт болов
Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг судлах, хүнсний хангамжийг оновчтой төлөвлөх, чанарын баталгаатай хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах зорилгоор “Монгол ногоо” төсөлтэй хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтыг онол, практик хосолсон дараах байдлаар зохион байгууллаа. Үүнд:
Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг оновчтой төлөвлөх, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлж хүүхдийг бичил шим тэжээлийн дутлаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголтыг сайжруулах танхимын сургалтыг 65 дугаар сургууль дээр зохион байгуулав.
Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг судлах зорилгоор “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны ногооны агуулах, цехийн үйл ажиллагаатай танилцжээ.
Хүүхдийн А аминдэмийн дутлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэж буй луувангийн шүүс боловсруулах үйлдвэрлэлийн процессыг Витафит үйлдвэрийн холбогдох албаны төлөөлөл танилцуулав.
Сургуулийн туршилт танин мэдэхүйн талбайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 65, 34 дүгээр сургуулийн ногоон байгууламж, хүлэмжийн тариалалтын явцтай танилцсан байна.