2022.08.23

С.Бямбацогт: Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ ихэссэнтэй холбоотой хүндрэлийг даван туулахад чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.23/ хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ өвөл Улаанбаатар хот цахилгааны хязгаарлалт хийж магадгүй, нөхцөл байдал амаргүй хэцүү байгаа гэсэн асуудлыг нэлээн ярьж байгаа. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ? Цахилгааны хэрэглээ 2019 оныхтой харьцуулахад нэлээн нэмэгдсэн. Нөгөө талд эрчим хүчний үйлдвэр нэмэгдээгүй. Үүнээс болж эрчим, хүчний дутагдалд орно гэсэн асуудал яригдаж байгаа юм. Хэрэглээ яагаад нэмэгдсэн гэхээр эрчим хүчний үнэ, тарифыг Ковидоос болоод хоёр жилийн хугацаанд чөлөөлсөн. Үүнтэй холбоотой шаардлагагүй хэрэглээ нэмэгдсэн байх магадлалтай. Тиймээс хэрэглээгээ буцаад хэмнэх, багасгах тал дээр Эрчим хүчний яам ямар бодлого баримталж, эрчим хүчний хангамжийг тогтворжуулах талаар анхаарч байгаа вэ? 

Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.