Хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах төслийн үр дүнг тайлагнав
2022.09.01

Хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах төслийн үр дүнг тайлагнав

Европын Холбооны санхүүжилтээр ХЭҮК-оос Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 2020-2022 онд Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хэрэгжүүлсэн “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах уулзалтыг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хийлээ.


Төслийн үр дүнг нэгтгэн дүгнэвэл:

Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт судалгааг зургаан аймгийн 18 сумын 1244 туслах малчдыг хамруулж, иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндөн туслах малчдын ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааг зохицуулах бодлого зохицуулалтын арга хэмжээг авах санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад танилцуулсан.

Судалгаагаар туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлогыг ажил олгогч малчдын жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага, туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажиллаж, туслах малчин өрхийн гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч өрхийн мал аж ахуйн ажилд нь цалин хөлсгүй ажилладаг нь тогтоогдсон.

Судалгааны үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусад нь бүлэг болгон оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулсан байна. Тухайлбал 2022 оны 01 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулинд туслах малчны ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар тусгахдаа:

“112.1.Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно.

112.2. Энэ хуулийн 112.1-д заасан мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох бөгөөд тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцно.

112.3 Мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа, бүх төрлийн эм, хуулиар хориглосон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтэй худалдах бараа, бүтээгдэхүүн олгохыг хориглоно” зэрэг заалтуудыг тусгуулсан нь төслийн гол үр дүн юм.

Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд туслах малчдын мэдээллийн сан, дэмжих болон туслах малчдын өөртөө туслах бүлгүүдийг зорилтот сумдад байгуулж, хамтран ажилласан нь үр дүнтэй арга болсон бөгөөд бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ уг аргыг ашиглахыг Европын Холбооноос зөвлөсөн юм.


МЭХ-ны орон нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн 144 гишүүдийг хүний эрхийн найман сэдвээр сургагч багшийн сургалтад хамруулан сертификаттай болгосноор тэд боловсруулсан гарын авлага ашиглан туслах малчид болон зорилтот бусад бүлэгт хүний эрхийн сургалтыг явуулж байна. Мөн хүний эрхийн зургаан сэдэв, хувь хүний хөгжил болон малчдын бүлэг хоршоодтой хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх нь сэдвээр хоёр удаагийн сургалтад 150 гаруй туслах малчдад зохион байгуулж, гарын авлагыг комикс ном хэлбэрээр бэлтгэж, календар гарын авлагын хамт тараасан нь үр дүнгээ өгч буйг оролцогч туслах малчдын төлөөлөл хэлж байлаа.


Дээрх төслийн дунд шатны үнэлгээг гүйцэтгэсэн Хөгжлийн санаачилга, бодлого судлалын төв” ТББ-ын тэргүүн, доктор М.Батбаатар төслийн хэрэгжилт, үр дүн 89,9 хувьтай байгааг өөрийн илтгэлээрээ дамжуулан мэдээлсэн юм.

Энэхүү танилцуулах уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марк Ферри, төслийн менежер М.Бямбарагчаа болон төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын 50 гаруй төлөөлөл, туслах малчид оролцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn