Бүх Хятадын ҮЭ-ийн холбооноос МҮЭХ-ны хил орчмын ажилчдад зориулж хамгаалах хэрэгсэл, хандив дэмжлэг үзүүллээ
2022.09.07

Бүх Хятадын ҮЭ-ийн холбооноос МҮЭХ-ны хил орчмын ажилчдад зориулж хамгаалах хэрэгсэл, хандив дэмжлэг үзүүллээ

БНХАУ-д Ковид-19 цар тахал нүүрлэсэн хүнд хэцүү цаг үед МҮЭ-ийн холбооноос Бүх Хятадын Ажилчдын Ерөнхий Эвлэлд мөнгөн тусламж үзүүлж байсан билээ.

Талархсан сэтгэлийн хариу болгож Бүх Хятадын Ажилчдын Ерөнхий Эвлэл тэр дундаа Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны ҮЭ-ийн холбооноос энэ удаа МҮЭ-ийн холбооны хил орчмын ажилчдад цар тахлын үеийн хамгаалах хэрэгсэл амны хаалт зэрэг тусламжын эд зүйлсээр хандив дэмжлэг үзүүлж байгаагаа өнөөдөр болсон цахим хурал дээр мэдэгдлээ.

Монгол Хятад хоёр улсын хил дагуу боомтуудад ажиллаж байгаа ажилтнуудын өнөөдрийн байдал, цаашдын тулгамдаж байгаа асуудлуудад хамтран шийдэл гаргаж, үйл ажиллагаагаа нэгтгэн харилцан ашигтайгаар хамтран ажиллах талаар МҮЭ-ийн холбоо, Бүх Хятадын ҮЭ-ийн холбооны гишүүдтэй өнөөдөр цахим уулзалт хийсэн юм.

Тус уулзалтад МҮЭ-ийн холбооны удирдлагууд, Хятадын талаас Бүх Хятадын Ажилчдын Ерөнхий Эвлэлийн дэд ерөнхийлөгч Жианг Гуангпинг, Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, намын хорооны дарга Илзат Ахматжан,  Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны намын хорооны гишүүн, ҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Илдус Мулати зэрэг албаны бусад төлөөлөгчид оролцсон.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтанд хэлсэн үгэндээ:

БНХАУ-тай сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт бөгөөд МҮЭХ-ны удирдлагын багын зүгээс  найрсаг уламжлалт харилцаатай Бүх Хятадын Ажилчны Ерөнхий эвлэлтэй цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн шинэ шатанд гаргах, харилцан ажлын туршлага солилцох айлчлалыг өргөжүүлэх санал, санаачлагыг гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Ковид-19 цар тахалын хүнд үед хоёр орны нийгэм, эдийн засгийн харилцааны тулгуур болсон хилийн боомтын үйл ажиллагааг дэмжин ажилчдын эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн буцалтгүй тусламж ирүүлж байгаад талархал илэрхийлсэн юм.

Мөн Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Л.Сумаахүү уулзалтад оролцож Бургастай боомтын ажилчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.