2022.09.15
Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хөгжих бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг боллоо
Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хэрэгжих хөгжлийн зураглал бодлогын баримт бичгийг боловсруулсан. Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичгийн хүрээнд эмхлэн гаргасан номыг танилцуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид холбогдох удирдлагууд, Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон Зөвлөх баг, номын эх бэлтгэл, хэвлэлийн багийнхан оролцсон юм.
Баянзүрх дүүргийг хөгжүүлэх Хөгжлийн зураглал-2030 баримт бичгийг боловсруулах ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилж 108 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж иргэдийн саналыг тусгаж ажилласан.
Хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, хотжилт, засаглал гэсэн 5 үндсэн зорилгын хүрээнд тодорхой зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана. Ингэснээр 2030 он гэхэд Баянзүрх дүүргийн өрсөлдөх чадварын индекс, ажиллах хүчний оролцоо түвшин нэмэгдэж бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болох юм.
Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг улс, нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэн боловсруулан баталсан.