С.Бямбацогт: ОХУ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан
Төмөр замын салбарт тулгамдсан асуудал-гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалтыг өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ”Өнөөдөр Улаанбаатараас Эрээн ороход нэг вагон (дунджаар 3,000 тонн ачаа) 100 орчим сая төгрөгийн тарифтай. Чойроос Эрээн ороход нэг вагон 70 сая орчим төгрөг байна. Гурван тонн ачааг 70 сая төгрөгт хуваахаар бага тариф гарна.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн тариф бага байгаа гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын тарифтай холбоотойгоор импортын барааны үнэ өсөөгүй.Цементийг энэ тарифаар ачихад бэлэн. Ганц БНХАУ-ын талаас зөвшөөрөл өгөгдөхгүй тодорхой хугацааг өнгөрүүлсэн. Задгай тээвэр зогсож, контейнер тээвэр хийж байгаатай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа болохоор Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээврийн үнийг нэмэх асуудлыг судалж байна.
Мөн ОХУ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмье, олон жил алдагдалтай тарифаар ажиллалаа гэсэн.
Улаанбаатараас Эрдэнэт ороход нийтийн вагон 8,100 төгрөгөөр явж байхад, автобусаар 30,000 төгрөгөөр явж байна. Ийм хямд тарифтай. Улаанбаатар төмөр зам ХНН-т олон жил ачаа үүрүүлж ирсэн.
Эхний ээлжид бид үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ экспортын ачаа, транзит ачаанд илүү тарифаа нэмье гэж байгаа. Үүнээс бий болгосон ашгаараа Улаанбаатар төмөр замын парк шинэчлэлийг хийж, техник технологийг сайжруулах бөгөөд мөн ажилчин албан хаагчдын цалинг сайжруулах шаардлагатай” гэв.