2022.10.14

Ц.Даваасүрэн: 2023 оны төсөв “Хэмнэлтийн хууль”-тайгаа нийцэж байх ёстой

УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Дагалдаж буй хуулиудад анхаарах зүйл байна. Хаврын чуулганаар “Хэмнэлтийн хууль” баталсан. Төсөв маань хэмнэлтийн хуультайгаа зохицож байна уу гэхээр хэцүү. Ялангуяа яамдууд, агентлаг нэмэгдчихсэн. Хэмнэлтийг гол харуулах төсвийн гол үзүүлэлт нь урсгал зардал байх ёстой. Гэтэл урсгал зардал 1 их наяд төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм.

Би Н.Наранбаатар гишүүнтэй санал нэг байна. Засгийн газрын үйл ажиллагааг хянах чинь төрийн аудитын хуулиар явж байгаа. Тусгайлсан хууль гаргаж Засгийн газар дотор хяналтын чиг үүрэг байгуулах нь хуультай сайн нийцэхгүй байх гэж бодож байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мониторинг, дотоод аудит байх хуультай шүү дээ. Тэр хүрээндээ агентлаг, яамдаа дүн шинжилгээ хийгээд явах ёстой.

Мөн дагалдах хуульд тусдаа 20 гаруй хөрөнгө оруулалтыг сонгож аваад тогтоолоор хэрэгжүүлнэ гээд заачихсан байна. Ямар нь хөрөнгө оруулалт хийж болдог, ямар нь хөрөнгө оруулалтаа хийж болдоггүй юм. Үүнийг тэр тогтоолоос хасах нь зүйтэй гэж бодож байна.

Хоёрдугаарт Хөгжлийн банкны ирэх онд төлөгдөх гадаад зээлийн төлбөрийг дахин санхүүжүүлж Засгийн газрын баталгаагаар гарах асуудлыг энэ удаа болих хэрэгтэй. Эхлээд зээл авсан нөхдүүдийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. Төр баталгаа гаргаад төлчих юм байна, төлөхгүй байж болно гэсэн асуудал үүснэ. Тиймээс дагалдах хуулиудыг тусад нь санал хураалгах юм уу эсвэл багцаар нь ингээд явчих юм уу?