МҮЭ-ийн холбооны удирдлагууд Төсвийн байнгын хорооны дарга, ХНХ-ын сайд нартай уулзаж 2023 оны Улсын төсөвт нэгдсэн байр суурь саналаа илэрхийллээ
2022.10.28

МҮЭ-ийн холбооны удирдлагууд Төсвийн байнгын хорооны дарга, ХНХ-ын сайд нартай уулзаж 2023 оны Улсын төсөвт нэгдсэн байр суурь саналаа илэрхийллээ

Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МААХҮЭХ-ны дарга М.Алтанцэцэг, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа, МОСНААҮАҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам, Нийслэлийн ҮЭ-ийн холбооны дарга Ё. Соёлмаа, МХҮАҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир, МТХГТАҮЭХ-ны дарга С.Болдсайхан, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, төрийн нарийн Г.Өнөрбаяр, газрын дарга Б.Алимаа, А.Хишигбаяр, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, газрын дарга н.Санжаадорж, Боловрсол шинлэх ухааны яамны газрын дарга О.Хуягцогт, ЭМЯ-ны төрийн нарийн Ц.Эрдэмбилэг нар оролцлоо.

С.Эрдэнэбат: “Төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна”

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат 2023 оны Улсын төсвийг төрөөс нээлттэй ил тод хэлэлцүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, цаашид Хөдлөмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг шинэ шатанд гаргаж, шат шатанд нь хэрэгжилтийг хангуулж хамтран ажиллахыг хүсэв. Түүнчлэн МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын 2023 оны төсөвт хоёр ч удаа нэгдсэн саналаа хүргүүлсэн бөгөөд төсөвт тусгаж хэрэгжүүлж ажиллахыг онцлон хүслээ.

Тэрээр энэ тухай хэлэхдээ “2021, 2022 оны инфляц болон 2023 оны инфляцыг тооцон төрийн албан хаагчдын цалинг ялгаварлалгүй 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, Төрийн хэмнэлтийг хийхдээ ажилтны эрх ашиг, цалин хөлс, хөдөлмөрлөх нөхцөл, хамтын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэсэн зардлыг танахгүй байх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу төсвийн байгууллагуудад ХАБЭА-н зардлыг тусгах, Бага, дунд орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөх, амьжиргааны доод түвшингээс доогуур орлогтой иргэдийг татвараас чөлөөлөх, Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд хариуцахаар 2023 оны төсөвт тусгах, Цахилгаан, дулаан, ус, тээврийн үнийг хэт барих нь тухай салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах боломжгүй байдалд хүрч байгаа тул төрөөс хөрөнгө оруулалт хийх, татаас өгөх арга хэмжээг хэрэгжүүлэх, Нийт иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах, тогтворжуулах, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох санхүүлжилтийг улсын төсөвт тусгах, Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд хариуцахаар 2023 оны төсөвт тусгах” зэрэг саналуудыг илэрхийлэв.

Т.Аюурсайхан: “Бид улсын төсвийн боломжит нөөц бололцоонд тулгуурлаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх саналаа өгсөн”

Энэ үеэр ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Бид төсвийн боломжит нөөц бололцоонд тулгуурлаж инфляцийн түвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх саналаа өгсөн. Хүүхдийн мөнгийг танаагүй хүүхэд бүрт олгох 1 их наяд 324 тэрбум төгрөг өргөн барьсан төсөвт туссан. Төрийн албан хаагчдын цалин хөлсөд нийтдээ 287.5 тэрбум төгрөг туссан.

Төрийн албанд ажилладаг 208 мянган албан хаагчдын цалингийн сүлжээний ялгааг арилгаж 20 болгосон. Орон нутгийн 123 мянган албан хаагч нарт 20 хувийн нэмэгдэл олгохоор болсон. Хөдөө орон нутгийн албан хагчдын цалинг нэмэгдүүлэх эрхийг хамт өргөн мэдүүлсэн хуулиараа өгсөн бга. Төрөөс татаас авдаггүй аймгуудын илүү гарсан төсвийг цалин хөлсөд зарцуулах зохицуулах эрхийг шигтгэсэн.

Нийт төрийн албан хаагч нарт удаан жилийн нэмэгдлийг ажилласан жилээс нь хамаарч хувилж олгохоор болсон. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг 4-14 хувиар нэмэгдүүлсэн. Төрийн үйлчилгээний 137 мянган албан хаагчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт урьдчилсан байдлаар тусгаад байна” хэмээн хэлэв. Мөн тэрээр эсэргээрээ ахмадуудын тэтгэврийн нэмэгдүүлэх төсөв байхгүй байгааг дурдаж, урьдчилсан тооцооллоор 40 мянган ахмадын дундаж тэтгэврийн зөрүүг арилгахад 154 тэрбум төгрөг шаардлагатай байгааг онцлов.

Г.Тэмүүлэн: “ХАБЭА-н зардлыг хуульд заасан хэмжээгээр нийт төсөвт байгууллагуудад тусгахад хэдэн төгрөг шаардлагатай вэ?”

Мөн үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Улсын төсөвт УИХ-ын гишүүн Х.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг гарсан байгаа. Төсвийн тухай хэлэлцүүлгийг ойрын хугацаанд нийгмийн түншлэгч талууд дахин хэлэлцэж ирэх оныхоо төсөвт саналуудаа тусгах хэрэгтэй. Ерөнхийдөө төсвийн урсгал зардлаас танаж төрийн албан хаагчдын болон ҮЭ-ийн тавиад байгаа саналуудыг тусгах боломжгүй. Яагаад гэвэл төсвийн 73 хувийг төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн урсгал зардал эзэлдэг.

Харин гадаадын хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалтын зардлаас тодорхой хэмжээнд танах байдлаар зохицуулах боломжтой. Бид ирэх жилийнхээ улсын төсвийг үр ашигтай байлгах үүднээс Нийгмийн даатгал, тэтгэвэр, халамжийн бодлогыг шинэчилж халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжиж ажиллах шаардлагатай байна” хэмээн хэлж Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг болон газрын дарга Санжаадорж нарт ХАБЭА-н зардлыг төсөвт байгууллагууд хуульд заасан хэмжээгээр тусгахад нийт хэдэн төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болохыг мөн бага дунд орлогтой иргэдийн ХАОАТ-ын хувь хэмжээг хоёр дахин бууруулахад зарцуулагдах төсвийн нэгдсэн тооцоо судалгааг гаргахыг үүрэг болгож дараагийн хэлэлцүүлгийн үеэр гарц шийдлээ ярилцах саналыг илэрхийллээ.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар өөр өөрийн салбарын улсын төсөвт тусгах нэн шаардлагатай байгаа тодорхой саналуудыг танилцуулж, улсын төсөвт тусгаж, хамтран ажиллахыг хүсч байсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn