Баяр наадмын хуулийг хүчингүй болгосныг бүлэг хүлээж авсангүй
2009.12.22

Баяр наадмын хуулийг хүчингүй болгосныг бүлэг хүлээж авсангүй

УИХ нь 2010 оны улсын төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг олон удаа хэлэлцээд зохих хууль журмын дагуу хуулиа баталсан. Гэвч энэ асуудлаар ойлголтын зөрүү гарч буй талаар бүлгийн гишүүд санал бодлоо хэллээ. Гол нь гишүүд энэхүү мөнгөний зарцуулалтад биечлэн оролцохгүй, халаасалж байгаад зарцуулдаг мөнгө биш. Харин төсөв хэлэлцэх үеэр гишүүддээ тойрог тойрогт нь хөрөнгө оруулалтын хэмжээ, зориулалтын талаар дэлгэрэнгүй тайлагнахыг бүлгийн гишүүдээсээ хүссэн тухайгаа Бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлсэн юм. 

Ер нь энэ хөрөнгө оруулалтыг хариуцсан Засгийн газар, яам, аймгийн Засаг дарга нар гээд Төсвийг ерөнхийлөн захирагч нар зарцуулдаг. Гагцхүү төсөвт УИХ-ын гишүүдээр дамжуулан хот суурин, хөдөө орон нутагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа эмнэлэг, сургууль, мал сүргийг эрсдэлээс хамгаалах зориулалттай мал эмнэлэг, ус худаг зэрэг барилга байгууламж тусгагдсан. Нэг аймагт л гэхэд дунджаар 7-8 тэрбум төгрөг төсөвт тусгагдсан. Энэ нь бүс нутгийг тэгш жигд хөгжүүлэх ач холбогдолтой гэж бүлгийн гишүүд үзэж байна. Хардлага сэрдлэг болох гол үндэслэл нь төсөв боловсруулах, хэлэлцэх үе шатандаа л байна. Тиймээс төсвийн хариуцлага, тогтворжилтын тухай хуулиудыг нэн яаралтай гаргах нь иймэрхүү хардлага сэрдлэгээс ангижрах боломж олгоно гэж дүгнэцгээж байна.

Tүүнчлэн Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх журмыг бүлгийн ирэх даваа гаригийн хурлаар нэн даруй хэлэлцэхгүй бол оройтохоор байна. Иймд Засгийн газрыг тус асуудалтай холбоотой журмыг боловсруулж яаралтай оруулж ирэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь уг хууль гарснаар нийгмийн халамжийн арга хэмжээнүүдийг цэгцлэх болно. Хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл бологсдод олгогддог мөнгийг Хүний хөгжил сангаар дамжуулан нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор болсон. Сар шинийн баяраар монголчууд бусдын өмнө улайхааргүй цагаалж шинэлэх уламжлалтай. Энэхүү баярт нь багагүй нэмэр хандив болдог тул уламжлал ёсоор он гарангуут дээр дурдагдсан халамжийн мөнгийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Дараагийн асуудал бол баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх тухай асуудал байлаа.Улсынхаа баяр наадмыг зохион байгуулахад төр голлох үүрэгтэй оролцох нь зүйтэй гэж Бүлгийн гишүүдийн олонхи үзсэн учраас хуучин хуулийг хүчингүй болгосныг бүлэг хүлээж авсангүй.

Мөн УИХ-ын дэд хороодын дарга нарт хэн хэнийг нэр дэвшүүлэх талаар авч хэлэлцсэн. Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнг шинээр нэр дэвшүүллээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Арвин уг дэд хорооны даргаар ажиллаж байсан ч байнгын хорооны даргаар томилогдсон тул оронд нь шинэ хүн нэр дэвшүүлжээ. Харин Нутгийн хөгжлийн удирдлагын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Загджав, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Р.Буд, Тусгай хяналтын хэлтсийн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Халдашгүй байдлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг үргэлжлүүлэн томилуулахаар бүлгийн гишүүд санал нэгдлээ.



УИХ дахь МАХН-ын хэвлэл мэдээллийн хэсэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.