Л.Гансүх сайд С.Оюун гишүүний асуултад хариуллаа
2009.12.28

Л.Гансүх сайд С.Оюун гишүүний асуултад хариуллаа

БОАЖ-ын сайд Л.Гансүхэд УИХ-ын гишүүн С.Оюун"Идлэг шонхор шувууг барих зөвшөөрлийн олголтын талаархи асуулга”-ыг тавьсан билээ. Уг асуудлыг хариуг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы  дээр  сонссон юм. Хариултын бүрэн эхээр хүргэе.

Шонхор шувууны талаар Таниас ирүүлсэн асуулгатай холбогдуулан дараахь хариултыг хүргүүлж байна.

Нэг. Монгол улсын Засгийн газар 1994 оноос эхлэн Арабын орнуудтай эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээний дагуу тодорхой тооны идлэг шонхор шувууг экспортолж байгаа билээ. Үе үеийн Засгийн газар Арабын орнуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан үзэж энэ ажлыг зохион байгуулж ирлээ. Гадаадад 2000-2009 он хүртэл хугацаанд 2538 толгой идлэг шонхор шувууг амьдаар нь гаргажээ.

Хоёр. Дээрхи хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийт 15.9 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Үүний хураамж болох 20 орчим хувь нь идлэг шонхор барих ажлыг орон нутагтаа зохион байгуулсан сумдын төсөвт шууд шилжүүлдэг. Идлэг шонхор шувуу бариулснаас орсон орлого төсвийн дахин хувиарлалтаар байгаль хамгаалах арга хэмжээ Тухайлбал, идлэг шонхор шувууны тархац, нөөц, популяцийн хандлагийг судлан тогтоох, тэдгээрийн өсөж үржих нөхцөл, амьдрах орчинг сайжруулахад чиглэгдсэн ажилд зарцуулахаас гадна Тусгай хамгаалалтай газар нутгийн менежментийг боловсронгуй болгох, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, мазаалай баавгай, хавтгай тэмээ, баданга хүдэр, цоохор ирвэс зэрэг нэн ховор ан амьтдыг хамгаалах арга хэмжээг санхүүжүүлж ирсэн байна.

Гурав. Монгол оронд 436 зүйл махчин шувуу бүртгэгдсэний дотор өдрийн махчин шувууны багт 36 овог 38 зүйл шувуу байдгаас нэг төлөөлөгч нь шонхорын төрлийн шувууд юм. Дэлхийд шонхорын 60 орчим зүйл байдаг ба монгол оронд 10 зүйл шонхор бий. Идлэг шонхор /Falcon cherrug/ нь манайд тархсан шонхоруудаас хамгийн том биетэй нь юм.

Амьтны аймгийн тухай хуульд заасан ангилалын дагуу идлэг шонхор шувуу нь элбэг тархацтай амьтны ангилалд багтдаг, "Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенц" (CITES -Convention on International Trade in Endаngered Species of Wild Fauna and Flora)-ийн II хавсралтад бүртгэгдсэн тул арилжааны зориулалтаар барих нь эрх зүйн хувьд нээлттэй байгаа юм.

Монгол орны хувьд идлэг шонхор шувууны нөөц харьцангуй хэвийн байгаа гэсэн олон улсын байгууллагын дүгнэлтийн дагуу CITES - ийн Ан амьтны байнгын хорооны 2009 оны 58 дугаар хуралдааны шийдвэрээр 2009-2010 онд Монгол улсаас жилдээ 300 хүртэл тооны идлэг шонхор шувууг барьж, экспортлож болохыг зөвлөмж болгосон билээ. Дээрхи зөвлөмжийг үндэслэн Засгийн газраас 2009 онд гадаадад амьдаар гаргах идлэг шонхор шувууны тоог 300 хүртэл толгой байхаар тогтоосон.

Дөрөв. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн Сайдын тухайн жилийн орлогын багцад жил бүр тусгай төлбөртэй агнуураас орох орлого, түүний дотроос идлэг шонхор шувуунаас олох орлого ихэнхи хувийг эзэлж байдаг билээ.

Цаашид байгалийн нөхөн сэргээгддэг нөөц баялаг тухайлбал, идлэг шонхор шувууны нөөцийг ашиглахдаа уг зүйл шувууны популяцийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой анхаарч, байнгын хяналт шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, хамгаалалтын арга хэмжээг сайжруулах замаар ашиглалтын оновчтой менежментийг төлөвшүүлэх үндсэн дээр тодорхой бодлого, чиглэлтэйгээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зохих зөвшөөрөл олгох бодлогыг тус яамнаас баримталж байна.

Хүндэтгэсэн; САЙД Л.ГАНСҮХ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.