Цахим үйлдвэрчин апплейкэшин ашиглалтын арга зүйн сургалт боллоо
2022.11.15

Цахим үйлдвэрчин апплейкэшин ашиглалтын арга зүйн сургалт боллоо

МҮЭ-ийн холбооны XXIII Их хурлаар баталсан “МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөр-2030” гурав дахь зорилт буюу хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, ҮЭ-ийн хөдөлгөөнийг бэхжүүлэх зорилтын хүрээнд МҮЭ-ийн холбооны үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа цахим орчинд төлөвшүүлж “Цахим үйлдвэрчин буюу CMTU application”-ийг ашиглалтад оруулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр буюу /2022.11.15/-нд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд, тэдгээрийн харьяа анхан шатны хороод гишүүнчлэлийн цахим бүртгэл хариуцсан ажилтнуудад Цахим үйлдвэрчин апплейкэшин ашиглалтын арга зүйн сургалтыг  Соорс Пойнт ХХК-тай хамтран цахим, танхим хослуулж гурав дахь удаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал: “Өнөөдрийн байдлаар МҮЭ-ийн холбооны 260 мянган гишүүний 14565 хүн нь энэхүү апплейкэшинд бүртгүүлсэн байна. МҮЭ-ийн холбооны XXIII Их хурлын шийдвэрээс хойш ердөө 5000 гишүүн бүртгэлээ баталгаажуулсан байгаа нь маш хангалтгүй байна.

Иймд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд түүний анхан шатны нэгжийн гишүүдэд палтформыг сурталчилж бүртгүүлэх хөгжүүлэлт хариуцан ажиллаж байгаа ажилтнуудад  ашиглалтын талаарх арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. Иймд энэхүү сургалтад МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын бүртгэл хариуцсан ажилтнууд анхаарлаа хандуулан суралцахыг хүсье” хэмээн хэллээ.

ҮЭ-ийн гишүүд энэхүү цахим апплейкэшнийг утсандаа татаж суулгаснаар “МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбоод түүний анхан шатны хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах, аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодоос явуулж буй онлайн судалгаа, санал асуулгад оролцох, цахим “Хөдөлмөр” сонинг хөнгөлөлттэй үнээр захиалан унших, олон төрлийн цахим сургалтад хамрагдах, хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авах, салбар бүрийн хамтын ажиллагаатай байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, төрөл бүрийн  хөнгөлөлт, урамшуулал эдлэх, зээл болон санхүүгийн үйлчилгээ авах зэрэг ҮЭ-ийн гишүүн байхын давуу талыг бүрэн дүүрэн мэдрэх боломжтой” болох юм.