Ардчилсан нам анхан шатаа сонсох аяныг Төв аймгаас эхлэв
2010.01.08

Ардчилсан нам анхан шатаа сонсох аяныг Төв аймгаас эхлэв

 Тус нам бүтэн жилийн хугацаанд ардчиллын 20 жилийн ойгоо тэмдэглэхээр болсон. Энэ ажлын хүрээнд гурван зорилт дэвшүүлжээ. Эхнийх нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ардчиллын 20 жилийн ойн нээлтийг хийсэн_ Хоёрт, Ардчиллын өргөөний шав тавьсан. Гуравт, “Анхан шатаа сонсъё” аяныг өрнүүлэхээр болжээ. Аяны нээлтийг Төв аймгийн Зуунмод суманд хийсэн юм.

Уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Төв аймгийн Ардчилсан намын дарга Б.Доржпүрэв нар оролцлоо. Аймгийн Ардчилсан намын даргын танилцуулснаар орон нутгийн 2008 оны сонгуулиар тус намаас аймгийн ИТХ-д 10 төлөөлөгч сонгогдож 27 сумын зургаад нь Засаг дарга, мөн тийм тооны суманд ИТХ-ын даргатай болжээ.Ардчилсан намын ҮЗХ-нд 12 гишүүнтэйн 11 нь шинэ залуус аж.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат энэ үеэр намын хариуцлага, сахилга бат, бодлогын асуудлыг тууштай тавих цаг болсон гэлээ. Н.Алтанхуяг дарга уулзалтад оролцсон аймгийн Ардчилсан намын гишүүд, ҮЗХ-ны гишүүдэд хандаж “Хөгжиж дэвшие гэвэл өрөөлөөс бурууг хайх хэрэггүй. Сонгуульд амжилт гаргая гэвэл иргэдийнхээ итгэлийг хүлээхүйц ажил хийж, итгэлийг нь дааж ажиллах хэрэгтэй” гэсэн юм. Тус аймгаас УИХ-д сонгогдсон дөрвөн гишүүн бүгд МАХН-ын гишүүн юм.

Уулзалтын үеэр Төв аймгийн Ардчилсан намаас Ардчиллын өргөөнд таван сая төгрөгийн хандив өргөв. Н.Алтанхуяг дарга ч амласан ёсоороо таван сая төгрөгийн батламж болох дурсгалын тоосго хариу гардууллаа. Тус намын ууган гишүүдийн нэг, Баян-Өнжүүл сумын Ардчилсан намын дарга Б.Гончиг Ардчиллын өргөөнд 20 хонь хандивлаж буйгаа мэдэгдэн намын даргад хадаг барилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.