Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг
Сэтгүүлзүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон нийтэд сонирхолтой, уран бүтээлийн шинэ содон санаа бүхий телевизийн нэвтрүүлгүүдийг санаачлан хүргэж, залуу уран бүтээлчид, сэтгүүлчдийг бэлтгэх, сургах болон телевизийн сэтгүүлзүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын телевизийн ахмад ажилтан Дугарын Жаргалд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртээв.
Мөн сэтгүүлзүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ард түмэндээ урлаг спорт, танин мэдэхүй, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй зэрэг олон салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл хүргэн, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан.
-TV5 телевизийн Ерөнхий захирал Нанзадын Базаррагчаа, NTV телевизийн оператор Гончигийн Батнягт, Ардын эрх сонины тоймч Дамжингийн Оюунчимэг, МҮОНТ-ийн нэвтрүүлэг бэлтгэх албаны дарга, сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг, Ардчилал сонины Хариуцлагатай Нарийн Бичгийн дарга Хасбазарын Өлзийбаяр, Өдрийн сонины сэтгүүлч Гунгаадашийн Эрдэнэбат нарыг Алтан гадас одонгоор,
-TV9 телевизийн найруулагч Нацагдоржийн Баярсайхан, UBS телевизийн ерөнхий редактор Өвгөнхүүгийн Гэрэлтцэцэг, TV5 телевизийн Ерөнхий редактор Эрдэнэчимэгийн Дамгиймаа, 25-р суваг телевизийн тоймч Ганбатын Мөнхтуул, UBS телевизийн Програмын албаны дарга Дамдингийн Отгонзаяа,
Үндэсний шуудан сонины маркетингийн албаны дарга Ванчингийн Сарантуяа, Өнөөдөр сонины гадаад мэдээний албаны тоймч Огооны Тогоохүү, ТВ9 телевизийн Ерөнхий инженер Сүхбаатарын Тэмүүжин, Ардчилал сонины албаны дарга Чулууны Цэцэгмаа, Өнөөдөр сонины тоймч Рэнцэндоржийн Энхтуяа, 25-р суваг тв-ийн найруулагч Цэдэвийн Энхтуяа, Нийгмийн толь сонины Ерөнхий эрхлэгч Сандагдоржийн Энхтуул, Нийслэл таймс сонины Гадаад мэдээ, тоймчдын албаны дарга Пунцагдашийн Ядамдорж нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах үеэр хэлэхдээ:
“Чөлөөт хэвлэл байгаагүй бол бидний эрх чөлөө, нийгмийн шударга ёс хагас дутуу, зарим талаар байхгүй байх байсан.
Өнөөдөр Монголын нийгмийн эрх чөлөө, шударга ёсны дархлааг өдөр тутам хадгалж, манаж яваа хүмүүс бол манай хэвлэлийнхэн. Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт сайн цаг оршино гэж би итгэдэг. Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэсэн үг байдаг. Энэ чөлөөт нийгмийн эрүүл мэндийн манаач нь, бас эмчлэгчид нь хэвлэлийнхэн.
Миний бие сэтгүүлчийн мэргэжлээр ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн. Надад хэвлэл мэдээллийнхний жаргал зовлон ажил мэргэжлийн онцлог ойрхон байдаг. Тиймээс ч би та бүхний адил хөдөлмөрт хүндэтгэлтэй ханддаг.
Хэвлэл төртэй найз байж болохгүй. Харин хэвлэлийнхний ариун, шударга, хүнд хөдөлмөрийг төр үнэлэх ёстой. Та нар хуучин он солигдох мөчид тухайн жилийн онцлох үйл явдлыг нэрлэдэг. Харин энэ мөчид хэвлэлийнхний амжилт бүтээлийг төрөөс үнэлдэг жишиг үүгээр эхэлж байгаа юм.
Та бүхэнд дахин баяр хүргэе” гэлээ.