НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 49 өрхөд "чип" багц олгов
“Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн 3,2 сая төгрөгийн үнэ бүхий “чип” багцыг 49 өрхөд хүлээлгэн өгөв.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд дээрх багцыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 багийн зорилтот бүлгийн 49 өрхөд НҮБ-ын Хүүхдийн сангийн 100 хувийн санхүүжилтээр олгож, “Чип” гэр мэдээллийн төвийг байгуулжээ.
Энэхүү “чип” багц нь халаалтын багц, дулаалгын багц, агаар сэлгэлтийн багцаас бүрдэх ба цахилгаанд залгаад маш хурдан халж, гэрийн доторх агаарын хэмийг тохируулах боломжтой ажээ.
Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “чип” багцыг хүлээлгэн өгөх, гэр мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Пипл ин Нийд” Олон улсын ТББ-ын Суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг болон төслийн гишүүд, УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг, “Өнө монгол гэр” ХХК-ийн төлөөлөл Дундговь аймагт ирж, энэ сарын 6-8-нд ажилласан байна.
Энэ үеэр мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нүүрсгүй шийдэл буюу “дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “чип” багцын талаар мэдээлэл өгч, Сайнцагаан сумын цэцэрлэгүүдэд байршуулсан дотор агаарын чанар хэмжих төхөөрөмжийн ашиглалттай танилцжээ.