"Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2022.12.10

"Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Эмнести Интернэшнл, Монголын шог зураачдын шогч бийр холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг "Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгийг хүргэж байна. "Эрхэм хүндэт НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, ХЭҮК-ийн гишүүд, хаа хол Буриад улсаас ирсэн уран бүтээлчид, хамран ажиллагч байгууллагууд, зураач уран бүтээлч, хүний эрх хамгаалагчид, хүйтнийг ажралгүй хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдөр хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр. Авлигатай тэмцэх олон улсын өдөр. Маргааш Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх хүн төрөлхтний хамтын үнэт зүйлийг тунхагласан, олон улсын хүний эрхийн өдөр билээ.

Тэртээ 1998 он буюу Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 50 жилийн ойгоор Монголын Эмнести Интернэшнл Хүний эрхийн асуудлаар шог зургийн уралдаан зарлаж, шог зураач нартай хамтран ажиллаж. өнөөг хүртэл бидэнтэй хамтран ажилласаар байгаа билээ.

Уран бүтээлчид, тэр дундаа шог зураачид үе үеийн нийгмийн үнэн төрх, тулгамдсан асуудлыг хөндөж, ёгт байдлаар шүүмжилж, уран бүтээлээр дамжуулан хүмүүст эргэцүүлэл, ухаарал хайрлаж ирсэн түүхтэй. Шүүмжлэлээс нь айсан эрх баригчдын хариу арга хэмжээнд өртөн хэлмэгдэж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хязгаарлуулж байсан үе шог зураачдад маань цөөнгүй тохиолдож байсан, бас тохиолдсоор ч байна. Зөвхөн 2022 онд одоогийн байдлаар цаг үеийн тулгамдсан асуудлыг шүүмжлэн зурсан шог зураачдын нүүр номыг хаах, цахим талбар дээрээс устгасан 4 тохиолдол гарсан гэх мэдээллийг бид хүлээж аваад байна.

Эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэтгэдэг соёлыг бий болгоход хувь нэмрээ оруулаад зогсохгүй хүний эрхийн асуудлыг хөндсөн Монголын шог зургийн бүтээлүүдийг хадгалах, Монголдоо төдийгүй дэлхийн хүртээл болгохоор Хүний эрх эрх чөлөө анхны үзэсгэлэнгээ гаргасан. Тэр цагаас хойш Цар тахал ба хүний эрх Уур амьсгалын өөрчлөлт гээд уран бүтээлчид маань хүний эрхийг улам бүр гүнзгийрүүлэн олон нийтэд хүргэж байна.

Өөрийн харах өнцөг, өнгө аяс, хэв маягаараа ялгарах зураачид маань Уур амьсгалын өөрчлөлт хэрхэн хүний эрхэд нөлөөлж буйг иргэдэд ойлгуулах энэ үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэнд талархаж байна. Энэ үзэсгэлэн цаашид ч тогтмол гарсаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 100 жилийн ойгоор Монголдоо төдийгүй дэлхийд гарах болтугай гэж ерөөе. Энэ цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна."

Шог зургийн үзэсгэлэн Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвд 12-р сарын 16-ыг дуустал зохион байгуулагдана.