Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.20) хуралдаан 10 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2022 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомж санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах нь оновчтой гэж үзэж, холбогдох өөрчлөлтийг оруулахаар зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусган төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд тусгайлан заасан, эсхүл эрүү, иргэн, захиргаа, зөрчил, гамшгаас хамгаалах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, төсөв, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулсан анхдагч болон шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Засгийн газар, харин Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар, эдгээрээс бусад асуудлаар Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн хууль санаачлагч Улсын Их Хурлын тогтоолыг санаачилж болох зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдсан.
Тухайлбал, Засгийн газар санаачлан боловсруулахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаарх Улсын Их Хурлын тогтоолыг Засгийн газар санаачлахаар, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж хууль санаачлахгүй байх өөрчлөлтийг тусгасан байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газраас санаачлах хуулийн төслийг тусган төлөвлөдөг бөгөөд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд хамаардаггүй тул тус үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд заасан бүрэн эрх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт багтаан хууль санаачлах эрхтэй гэж үзсэн хэмээн тайлбарласан.
Олон улсын туршлагаас судлан үзээд хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил боловч өөр бичилттэй, тухайн нэр томьёог дагаж өөрчлөх, шаардлагатай тохиолдолд холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох аж. Тухайлбал, Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан “тусгай зөвшөөрөл” гэсэн нэр томьёог “зөвшөөрөл” гэсэн агуулгаар өөрчлөхтэй холбоотойгоор 70 гаруй хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Иймд хууль тогтвортой байх үүднээс хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан нэр томьёог ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгах нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.
Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд эрх зүй, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулах юм байна. Түүнчлэн хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж, санал авах юм байна. Ингэснээр судалгаа шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хурлын баталсан хуулиудын англи хэлний албан бус орчуулгыг холбогдох байгууллагууд уг хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хариуцан гүйцэтгүүлэх зохицуулалтыг мөн хуульчлах юм байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас батлах шаардлагатай хөгжлийн бодлогын баримт бичигт Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгааг хийхгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах өөрчлөлтүүдийг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд аливаа нэг хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын аль нэг бүтэц нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой саналыг тусгаад, түүнийгээ батлуулахтай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулсныг тодруулсан. Төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Энэ хуулийн 12.2.8-д (Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай) заасан хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, батлах бөгөөд хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн заасан 15.11 дэх хэсгийг нэмэхээр тусгаж байгаа аж. Төслийн эл зохицуулалт хэвээр батлагдсан тохиолдолд Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой санал гаргах боломжгүй болно гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Түүнчлэн энэ төслийн хэлэлцүүлгийн хүрээнд дээрх асуудал болон хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад гарч буй хууль хоорондын хийдэл, зөрчлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтуудыг нухацтай хэлэлцэх шаардлага бий гэдэг саналыг Х.Нямбаатар сайд хэлж байлаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас ийнхүү тодруулга хийсэн бөгөөд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсан тул санал хураалт явууллаа. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа хуралдаанд оролцсон 10 гишүүний 80 хувь нь илэрхийлсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Засгийн газараас 2022 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын тогтолцоонд тайван цагт Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтад ““цэргийн байгууллага” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг” ойлгохоор тус тус заажээ. Дотоодын цэргийн тухай хуулиар дотоодын цэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахаар улсын онц чухал болон бусад объектын хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг боловсруулах, боловсронгуй болгох зорилгоор Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан “мэргэшсэн, тогтвортой байх” гэж Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан “албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэж заасан зохицуулалтууд хангагдах юм байна. Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг шинээр тусгасан байна. Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн гэж тодорхойлон, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар зохицуулсан. Мөн дотоодын цэргийн штабыг дотоодын цэргийг удирдах, мэргэжлийн төв байгууллага болон штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад эсхүл тухайн 2 байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр тусгажээ. Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтад “хот суурин дотор такси, үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” гэж, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаж хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно” гэж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг дотоодын цэргийн албан хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглох, хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох зохицуулалтыг тусгажээ.
Улсын онц чухал объектод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, инженер техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд улсын онц чухал объектоос бусад объектыг дотоодын цэргийн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Улсын онц чухал объектын хамгаалалтад гэмт хэрэг, зөрчлөөс зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалттай байгаа объектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгахад баримтлах Цагдаагийн албаны тухай хуульд заасан үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг нэмж тусган, гаргасан зөрчлийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх журам, зарчмыг нэмж тусган, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5- “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авав. Төслөөр хуулийн 36 дугаар зүйлд 36.6, 36.7 гэсэн хоёр хэсэг нэмэхээр тусгаад байгаагийн нэг нь буюу “36.7.Дотоодын цэргийн алба хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэж байх үед Дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтад шүүмжлэлтэй хандаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энхбаяр нар илэрхийлээд, тодруулга хийв. Зөвхөн Ерөнхийлөгч, шүүгч, Ерөнхий прокурор, Цэцийн гишүүдэд үйлчилдэг халдашгүй байдлын бүрэн эрхийг дотоод цэргийн алба хаагчдад хуулиар олгож буйг шүүмжиллээ. Тус заалтын “…албан үүргээ гүйцэтгэж байх үед…” гэсэн хэсгийг ажлын хэсэг тодотгоод “Улсын онц чухал объектуудыг хамгаалах үедээ дотоодын цэргийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэдэг. Ээлж солилцох явц нь тусгай дүрэм, журмын хүрээнд явагддаг бөгөөд тухай бүрдээ дотоодын цэргийн командлагчид заавал мэдэгддэг. Төслөөр хуульд нэмэхээр тусгасан 36.7 дахь хэсэг нь дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг хангах зорилготой” гэдэг тайлбарыг өгөв.
Хуулийн 7 дугаар зүйлд “Дотоодын цэрэг нь төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох мэргэжлийн нэгжтэй байна” гэсэн 7.3 дахь хэсэг нэмж байгаа талаар Б.Энхбаяр гишүүн асуулт асуулаа. Энхийг сахиулах ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагууд оролцох эрх зүйн үндэс бүрдээд Засгийн газраас тогтоол гаргаад байгаа бөгөөд энэ үүднээс Дотоодын цэргийн тухай хуульд эрх зүйн байдлыг нь тодорхой болгохоор холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хийж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарлав. Цаашид төрийн өмчит компаниудын онц чухал объектуудын хамгаалалтыг дотоодын цэрэг хариуцах нь зүйтэй хэмээн холбогдох судалгаа, мэдээллийн үндсэн дээр шийдвэрлэсэн тул дотоодын цэргийн байгууллагыг бэхжүүлэх ажлыг шат дараатай хийж байгаа гэв. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д дотоодын цэргийн штаб, анги, салбар нь террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцохоор заасан байдаг бөгөөд хууль тогтоомжуудыг нийцүүлэхээр тус зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн ажлын хэсгээс хариулт өгсөн.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 18-аас доошгүй жил ажилласан бол дотоодын цэргийн штабын даргаар ажиллах боломжтой гэх заалт нь бусад хууль дахь жишиг шаардлагаас хэт өндөр хэмээн үзэж байгаагаа Б.Энхбаяр гишүүн илэрхийлсэн, уг асуудалтай холбогдуулан Х.Нямбаатар сайд дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. Мөн гишүүний тодруулсан Дотоодын цэргийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд 9.4 дэх зүйлийг нэмж байгаатай холбоотой тайлбарыг сайд өгсөн.
Түүнчлэн дотоодын цэрэг, хот суурингийн дотор таксинаас бусад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй болгох зохицуулалтыг Б.Энхбаяр гишүүн шүүмжилж, байр сууриа илэрхийлэв.
Хуулийн төсөл дэх дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой Улсын Их Хурлын гишүүний тодруулгад ажлын хэсгээс хариулт өглөө.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нар үг хэллээ. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан танилцуулав.
Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг заалттай уялдуулж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.
Ажлын хэсгийн ахлагчийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.
Шүүх шинжилгээний байгууллага нь лабораторийн тоног төхөөрөмж, шинжилгээний урвалж бодис худалдан авахдаа хуульд заасны дагуу тендер зарладаг бөгөөд тухайн оруулж бодисын хэмжээ, тээвэрлэлтийн онцлог, үйлдвэрлэлийн явц зэргээс шалтгаалан тендер шалгаруулалтад хуулийн этгээдүүд оролцдоггүй байна. Үүнээс үүдэн шинжилгээний явц удааширч, бү тасрах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна.
Ажлын хэсгээс хуулийн төслийн 55 дугаар зүйлд “55.1.3. Шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах хүрээнд шинжилгээний байгууллагыг шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, урвалж бодисоор шуурхай хангах, урвалж, бодисын нөөцийг бүрдүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд худалдан авах ажлыг зохион байгуулах” зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд гишүүдийн олонх дэмжсэн юм.
Иймд хууль хоорондын зөрчил үүсэхгүй байх зорилгоор Төрийн болон Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийг нууцлагч, техник хэрэгсэл, урвалж бодис худалдан авахдаа шууд гэрээ байгуулах тусгай заалтыг тусгасан байна.
Түүнчлэн хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох, санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл цаашид Зөвлөл ажиллахаар, Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно гэсэн зохицуулалт дэмжигдсэн.
Үүнтэй холбоотойгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах шаардлага үүссэн байна. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна” гэж заасан учраас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн “Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гэсэн 10 дахь хэсэгт шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх, шүүх шинжилгээний байгууллага олгох зохицуулалтыг тусгаж, хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn