Х.Ганхуяг: Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
1,600 зөвшөөрлийг 362 болгож багасгасан Зөвшөөрлийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхийн банкны судалгаагаар манай улс бизнесийн орчны индексээр 81, авлигын индексээр 101-д жагссан байна.
Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд 200 гаруй зөвшөөрлийг тусгасан ч авлига, хээл хахуулиас болж 1,600 болж нэмэгдсэн нь хууль өөрчлөх гол шалтгаан болсон аж. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дэх заалтад тусгайг, 8.2-т энгийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг жагсаалтаар дэлгэрэнгүй оруулсан байна.
Хуульд заасан зөвшөөрлийг л төрийн болон төрийн бус байгууллага танаас нэхэх боломжтой болсон гэдгийг тэрбээр хэлж байв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Нийтийн үйлчилгээний чиглэлийн зөвшөөрлийг бүгдийг нь хассан. Жишээлбэл, найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулахад зөвхөн архи, тамхины зөвшөөрөл авах юм.
- 248 тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жилээр олгоно. Төрийн нийтийн өмч буюу байгалийн баялгийг ашиглахтай холбоотой зохицуулалтууд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл өгнө.
- 114 энгийн зөвшөөрлийг гурваас доошгүй жилээр олгоно. Иргэн болон өрхийн мөн нэг удаагийн зөвшөөрөл энгийн ангилалд хамаарна.
Зөвшөөрлийн үндэсний зөвлөлийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ахлагчаар нь Ерөнхий сайд ажиллахаар болсон.
Зөвлөлийн зургаан гишүүн нь ААН-ийг төлөөлөх бол гурав нь төрийн албан хаагч байх юм. Энэ зөвлөлөөр заавал хэлэлцсэний дараа хуульд зөвшөөрөл шинээр нэмэх эсэхийг эцэслэн шийднэ.
Түүнчлэн гурван жил тутам аудит хийж, шаардлагагүй зөвшөөрлийг хасах зарчим баримтална" гэв.
Тэрбээр “Бүх зөвшөөрлийг цахимаар түргэн шуурхай явуулна. Иргэн, ААН зөвшөөрөл хүсэх өргөдлөө эрх бүхий байгууллага руу явуулахад л хангалттай.
Тухайн зөвшөөрөл олгогч шаардлагатай мэдээллийг бусад төрийн байгууллагаас цахимаар татан харах боломжийг бүрдүүлсэн.
- Тусгай зөвшөөрлийг 30 хоногт,
- Энгийн зөвшөөрлийг 22 хоногт олгоно
Мөн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө зөвшөөрөл олгодог байгууллага нь цахимаар мэдэгдэл хүргүүлдэг болж байна. Хэрвээ эрх бүхий байгууллага заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн зөвшөөрлийг олгосонд тооцно" гэж ярилаа.