Вакцин андуурч хийсэн нь мэргэжлийн ноцтой алдаа
2023.01.09

Вакцин андуурч хийсэн нь мэргэжлийн ноцтой алдаа

УИХ-ын гишүүн С.Чинзориг Эрүүл мэндийн сайдын албаа өчигдөр /2023-01-05/ орой 20 цагийн үед хүлээж авч яамны удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр өдөр 13 цагт Сүхбаатар аймагт өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны 9 хүнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин тарьсан ноцтой асуудал гарсан тухай мэдээлэл ирснийг дуулгасан.

Хамгийн хачирхалтай нь энэ хэрэг нэг өдөр гарсан биш. Мөн бүгд нэг нохойд хазуулсан ч биш. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд есөн хүн долоон нохойд хазуулсан байдаг. Нохойд хазуулсан хүнд галзуугийн эсрэг вакциныг 3-6 удаа зохих тунгаар тарих эрүүл мэндийн зааварчилгаатай. Гэтэл нохойд хазуулсан гэх есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан.

Эдгээр иргэдэд сүрьеэгийн эсрэг вакциныг нэг хүнд хийх ёстой тун хэмжээг 10-30 дахин өсгөсөн хэмжээгээр хийсэн байна. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэхүйц ийм хэрэг гарсанд харамсаж, вакцин андуурч тариулсан хүмүүс тэдний ар гэрийнхэн болон ард түмнээсээ уучлал хүсье. ЭМЯ-наас мэргэжлийн баг Сүхбаатар аймагт ажиллуулж нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа болон тэдний эрүүл мэндэд гарч буй сөрөг нөлөөг тогтоох, вакцины талаарх мэдээллийг шалгаж тогтоох ажлыг хийж байна.

Ном журмаараа бүх төрлийн вакциныг хийхийн өмнө тухайн иргэнд хаана үйлдвэрлэсэн ямар төрлийн вакцин тарих гэж байгааг болон вакцины хүчинтэй хугацааны тухай мэдээллийг тодорхой өгөх дүрэмтэй. Энэ дүрэм зөрчигдсөн эсэхийг ч тогтоох ёстой. Мөн эрүүл мэндийн байгууллага дээр ийм хэрэг гарсан нь ажил хариуцаж буй хүмүүс албан тушаалдаа хариуцлагагүй хандсантай холбоотой юу гэдгийг шалгаж, дүгнэлт гаргана.

Мөн өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг даргатай утсаар холбогдож, ЭМГ-ын дарга болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэн ажлаас нь яаралтай чөлөөлөх чиглэл өгч, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан.Нохойд хазуулсны улмаас  галзуугийн эсрэг вакцин хийх байтал сүрьеэгийн вакцин хийсэн учраас сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр. Нөгөө талдаа нохойд хазуулсан хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийгдээгүй учраас энэ төрлийн өвчлөл гарах эрсдэлтэй. Хоёр төрлийн вакциныг андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа гарсан учраас тухайн иргэдийг сүрьеэгээр өвчлүүлэхгүйгээр Монголд бүрэн эмчлэх боломжтой гэсэн баталгааг эрүүл мэндийн байгууллага өгч чадахгүй ч энэ төрлийн вакцины хүчийг сааруулах, сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх эм, тарианы нөөц хангалттай гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлага хэлж байгаа.

Дээрх есөн иргэнийг ойрын хугацаанд Улаанбаатарт авчирч, оношлогоо эмчилгээг хийхээс гадна Монголдоо эмчилж чадахгүй бол зардлыг нь Засгийн газрын нөөцөөс шийдүүлж, гадаад оронд эмчлүүлэхээс өөр аргагүй талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын ХЭГ-ын даргад танилцуулсан бөгөөд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn