Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
ТБХ-ны хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн (Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн юм. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийм даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг дурдлаа.
Мөн Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10 дахь хэсэгт заасан эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.5-д заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасан журмын дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир зарчмын зөрүүтэй таван саналын томьёолол гаргасан бөгөөд саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тайлбар хийсэн. Тэрбээр, "Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах таван саналын томьёоллоор зохицуулж буй харилцаа нь Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай хамааралтай эсэх, хуульд нийцэж буй талаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос шийдвэрлэсэн. “Эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын Тамгын газарт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн бөгөөд хариу нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн" гэв.
Энэ талаарх эрх зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн. Үүнтэй уялдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг дурдав.
Мөн Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, мөн анхны хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, холбогдох санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэргэжлийн Байнгын хороо буюу Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Үүний дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр бэлтгэсэн гэж байлаа.
Түүнчлэн Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ эрх зүйн дүгнэлтэд, Хууль зүйн байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хянаж үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага болон улсын байцаагчийн чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн хяналтын чиг үүргийг холбогдох салбарын яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагад шилжүүлэх зохицуулалтыг дутуу боловсруулсныг гүйцээн томьёолж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан байна. Ингэхдээ Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн төсөлтэй нийцүүлэн томьёолж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “мэргэжлийн хяналтын улсын байцаагч” гэснийг холбогдох хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудад харьяаллыг нь шилжүүлж, өөрчлөлт оруулан боловсруулжээ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагаж өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр Байнгын хорооны гишүүдээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн батлах нь зүйтэй эсэх асуудлаар санал гарч байсныг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогоор Байнгын хорооны хэлэлцүүлгийн үе шатанд байгаа бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хүрээ хязгаарт хамаарч байгаа тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагаж өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэлтэд дурдсан байв.
Мөн уг дүгнэлтэд, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөлд хамаарах бөгөөд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хүрээ хязгаарт хамаарахгүй тул хууль санаачлагчийн өргөн мэдүүлээгүй хуульд өөрчлөлт оруулах, хуулийн төсөлд тусгагдаагүй зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах, хуулийн төсөлд зүйл, хэсэг, заалт, дэд заалт нэмэх зэрэг нь хууль зүйн хувьд боломжтой. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлтэй нийцэж байгааг дурджээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35, 39 дүгээр зүйлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гагцхүү Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд хуваарилахаар тусгасантай холбоотойгоор тухайн Байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1-д “Нэгдсэн хуралдаанаар зөвхөн холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан хуулийн төслийг хэлэлцэнэ" гэж заасны дагуу тухайн төслийг Улсын Их Хурлын даргын хуваарилсан холбогдох Байнгын хороо төслийг хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хариуцан хэрэгжүүлнэ. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн үзвэл, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явуулж, олонхын санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ онцолж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандорж хариулав. Тэрбээр хариултдаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр холбогдох хуульд заасны дагуу Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай уг хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн. УИХ-ын Тамгын газраас гаргасан эрх зүйн дүгнэлтэд уг хуулийн төсөлд ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн байна. Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, боловсруулсан, хэлэлцэн батлах үйл явцад ямар нэгэн хуулийн зөрчил гараагүй. Зөрчлийн харьяаллын хувьд дутуу боловсруулсан зүйл байгаа. Үүнийг Засгийн газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны даргатай ярилцаад уг асуудлыг гүйцээн боловсруулж батлахаар болсныг тодотгов. Мөн тэрбээр, Засгийн газраас саяхан хяналт шалгалт хийх нийтлэг журмыг баталсан. Энэ журмын дагуу тухайн асуудал гаргасан иргэн, аж ахуйн нэгж дээр нэг удирдамжаар салбар салбарын байцаагч очиж ажиллах нарийвчилсан зохицуулалтыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төрийн давхардсан хяналт, шалгалтуудыг хийхгүй гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор саналаар санал хураалтыг явуулав. Тухайлбал, хуулийн төсөлд “Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төслийн талаар “Энэ хуулийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов