Хүний эрхийн дэд хорооны даргыг сонголоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.18) хуралдаан 14 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд “Дэд хорооны даргыг сонгох тухай” байнгын хорооны тогтоолын төсөл, Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.
Дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийг нэр дэвшүүлж буйг хуралдааныг даргаласан Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгодог бөгөөд өнөөдрийн хуралдаанд оролцсон 11 гишүүний 63.6 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжиж, “Дэд хорооны даргыг сонгох тухай” байнгын хорооны тогтоол батлагдлаа.