МҮЭХ: Нийгмийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана
2023.02.16

МҮЭХ: Нийгмийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны ерөнхий зөвлөлийн IV хуралдаан эхэллээ. Энэхүү хурлаар өнгөрсөн оныхоо ажил хэргийг дүгнэж, 2023 оны ажлын төлөвлөгөө болон шийдвэрлэх ёстой асуудлуудыг хэлэлцдэг.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс цалин хөлсний үнэлэмжийг бодитой үнэлэх шаардлагатай. Үүнд тус байгууллагаас шинэчлэл хийж, дотооддоо сахилга, хариуцлагаа сайжруулж, идэвх санаачлагаа нэмэгдүүлэн бүх шатандаа манлайлж ажиллана гэдгээ онцоллоо.

 МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

МҮЭХ нийгмийн баялгийг шударгаар хуваарилах ялангуяа цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх талаар удаа дараагийн санал, шаардлага, тэмцлийг тавьж ажилласны үр дүнд үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цалин, хөлс орлого хамгийн багадаа 8 орчим хувиар, хамгийн ихдээ 2 дахин нэмэгдсэн. Энэ жилийн хувьд цалин хөлсийг инфляцын түвшингээс доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагыг тавьж буй. Энэ бол нийгмийн зүй ёсны захиалга.

Нийгмийн даатгалын багц хуулийн талаар ярьж байна. Энэ бол тэтгэврийг өвлүүлэх, тэтгэврийг тогтоох, хувь хэмжээ хүү тооцох гэх мэтчилэн багцаараа нэлээн чухал асуудал. Үүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо манлайлж ажиллана. Өнгөрсөн онд бид "Капитал", "Чингис хаан" банкны хулгай хийсэнтэй ялгаагүй хэргийн зээлдэгчдийн нэрсийг олон нийтэд ил тод зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шахсан. Ингэснээр нийгмийн даатгалын хөрөнгийг тодорхой хэмжээнд барагдуулах ажилд ахиц гарсан гэж харж байна” гэв.

Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Батжаргал

Хурлаар өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэхийн зэрэгцээ бодлогын зорилтуудаа тодорхойлдог. Өнгөрсөн жил үйлдвэрчний эвлэлийн холбооны бүх шатны байгууллагын хувьд завгүй жил байлаа. Цар тахлын дараах хөдөлмөр эрхлэлт, ялангуяа үнийн өсөлтийн эсрэг цалин, хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрыг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх зэргээр тулгамдсан асуудалд анхаарч ажиллахад чиглэсэн. Энэ хүрээнд үйчдвэрчний эвлэлийн байгууллга бүх шатандаа нэгдэж үндэсний хэмжээнд 3-4 удаагийн томоохон тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, төр захиргааны байгууллагад санал хүсэлт, шаардлагаа өгсөн, иргэдийнхээ дуу хоолойг сонссон жил болж өнгөрлөө.

Мөн энэ жил үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль орох гэж буйтай холбоотой хүний төлөө зүтгэж байгаа олон мянган гишүүд, сонгуультнуудынхаа нийгмийн баталгаа, мэдлэг боловсрол, ажлын байрны баталгааг нь сайжруулна. Дотооддоо хүний нөөцийнхөө тал дээр нэлээн олон өөрчлөлт, шинэчлэлт хийх чиглэлээр ажиллана гэдгээ энэ үеэр хэлж байв.

Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн холбоо бүх шатандаа санхүү, төсөв хөрөнгө, үйл ажиллагааныхаа хувьд ил тод шилэн цахимжсан байхыг гол цөмөө болгон ажиллана гэлээ.