Мөнхийн хөршийн хувьд, хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарна
2023.03.07

Мөнхийн хөршийн хувьд, хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарна

БНХАУ 149 сая жуулчинтай. “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин Сайд Цай Вэньрүйтэй уулзаж доорх асуудлаар санал солилцов.

БНХАУ-аас Монгол Улсад ирэх жуулчны тоог нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, хоёр Улсын хотууд хоорондоо нислэг үйлддэг байх асуудалд хамтарч ажиллахыг хүслээ.

Элчин Сайд Цай Вэньрүй хэлэхдээ сар шинийн баярын дараа тантай уулзах завшаан тохиолдсонд баяртай байна. Манай хоёр орон эртний сайхан харилцаатай ба Төрийн болон иргэний хамтын ажиллагаа жил бүр нэмэгдэж байгаад баяртай байдаг.

Хөрш орны хувьд аялал жуулчлалын талаар барьж буй бодлого арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна. Таны хэлсэн дээрх саналыг би эрх бүхий байгууллагад танилцуулах болно. Мөн манай элчин сайдын яаманд БНХАУ-ын Соёл аялал жуулчлалын яамны төлөөлөл ажилладаг ба та бүхний санал санаачилгад хамтран ажиллахыг уламжилж, таны саналд хурдан хариу өгч ажиллахыг хичээх болно гэв.

Уулзалтад Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од нар оролцов.