2023.04.07
С.Одонтуяа: Агаарын тээврийн либералчлалыг цаашид улам сайжруулах шаардлагатай байна
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар" Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Гадаад харилцааны сайдын тайлан мэдээллийг сонслоо. Өнгөрсөн хугацаанд Олон улсын байдал маш эгзэгтэй байсан. Улс орнууд тал талд янз янзын байр суурь баримталж, өөрсдийн бодлогыг дагахыг бусад улс орнуудад уриалсан, шахсан эгзэгтэй үе байлаа. Гадаад харилцааны сайдыг эмэгтэй улс төрчийн хувьд асуудлыг эвтэйхэн зохицууллаа хэмээн харж байна. Монгол улс Азийн цээжинд Ардчилсан улс орон гэдгээ хамгаалж чадлаа гэж баярлаж байна.
Бид нээлттэй улс, нээлттэй бодлого явуулна гэчихсэн байгаа. Ойрын зайнд хэр нь, тасалбар өндөр үнэтэй байна гэсэн асуудлыг БНСУ-ын зарим иргэд хэлж байна. Агаарын замын тээврийн либералчлалыг амжилттай хийж байгаа ч, цаашид улам сайжруулах шаардлагатай байна.
Үүний сацуу дотоодын нислэгийн олдоц муу байна гэдгийг гаднынхан хэлж байна. Тиймээс орон нутгийн нислэгийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
Манай улсыг зорин ирсэн гаднын иргэд “Танай улсад очоод үзэх зүйл маш ховор гэдэг”. Тэр тусмаа хүүхэдтэй жуулчид ирээд хийх юм олдохгүй байна гэх. Тиймээс үүн дээр бодож төлөвлөсөн ажлууд юу байна ?
“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон нь нууц биш. Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд төрөөс хөнгөлөлттэй зээлийг олгох нь зүйтэй. Үүн дээр хэрхэн ажиллаж байна вэ?
Дотоодын аялал жуулчлалыг дэмжих хэрэгтэй. Үүн дээр хийж хэрэгжүүлэх ажлуудаасаа танилцуулна уу?
Мөн Монгол Улс зураачдынхаа бүтээлийг хэрхэн, ямар байдлаар дэмжих вэ?
Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулт өглөө.