Их Британи улс манай улсын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч ноён Даниэл Кавчински, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малони болон албаны бусад хүмүүсийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгчид “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд уулзаж байгаадаа баяртай байна. Их Британи улс олон салбарт 35 улс оронтой худалдааны ийм төлөөлөгчтэй ажилладаг бөгөөд Монгол Улстай бизнесийн шинэ төслүүд дээр түншлэх сонирхолтой байгаа. Үүн дотроо Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах, дэд бүтцээ олон талаар сайжруулах, нийтийн тээврийн хангамжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Бид түгжрэлийг бууруулах чиглэлд Лондонгийн арга туршлагыг сонирхон судалж байна. Улаанбаатарын тухайд түгжрэлээс гадна төвлөрөл сааруулах бодлогын асуудал давхар яригдаж байгаа. Түгжрэлээ шийдэх хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал бид “Шинэ тойрог зам” барих боломжийг судалж, эхлүүлэхээр төлөвлөж байна.
Мөн “Авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн төслийг Засгийн газарт танилцуулж, цаашилбал УИХ-д өргөн барих зорилготой ажиллаж байна” гэдгээ онцоллоо.
Ж.Сүхбаатар сайд “Лондон, Стокгольм зэрэг хотуудад “Congestion charging zone” буюу түгжрэлийн хураамжтай бүсээ маш ухаалаг шийдсэн. Бид энэ туршлагаас суралцах хэрэгтэй буй.
Хөгжлийн томоохон төслүүд дээр хамтран ажиллахад өөрийн зүгээс дэмжиж ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.