УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэддээ тайлан уулзалтаа хийлээ
2023.05.03

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэддээ тайлан уулзалтаа хийлээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ.

Мөнгөнморьт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан ЗДТГ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Мөнгөнморьт сум нь манай аймгийн ууган сумдын нэг бөгөөд энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 100 жилийн ойдоо бэлдэн засвар арчилалтын ажлуудаа сумын удирдлага иргэдтэйгээ хамтран хийж байгаа аж. Тус суманд өвөлжилт хаваржилт хүндэрч байгаагаас малын хорогдол их байна. Шилэн кабель, цахилгааны шугамын өргөтгөл, замын асуудал, малчид иргэдийг мэдээллээр хангах лектор, сургалтууд шаардлагатай байгаа юм байна.

Миний бие 100 жилийн ойтой 6 суманд өөрийн адуун сүргээс хурдан удмын адууг бэлэглэж байгаа билээ. Энэ хүрээнд хурдан удмын үрээг Мөнгөнморьт суманд хүргэн ирж хүлээлгэн өглөө.

Сумын сургуулийн удирдлага багш ажилчидтай уулзаж сургалт, орчин нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг асуудлаар санал солилцлоо.

Сумын Хэрлэн цэцэрлэгт 186 хүүхэд суралцаж байна. Аймгийн тэргүүний цэцэрлэгийн багш ажилчидтай санал солилцох үеэр хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээ муутай байгаа, гэсэн хэдий ч эцэг эхээс хоолны мөнгө авбал хамрагдалт буурна. Цэцэрлэгийн багшийн ажил их хүнд тул эрт тэтгэвэрт гардаг зохицуулалт хэрэгтэй байгаа талаар ярьж байв.

Мөнгөнморьт суманд байрлах Цаг уурын өртөөний нөхцөл байдалтай танилцлаа. Тус өртөө 1988 онд ашиглалтад орсон 7 ажилтантай, Төв аймгийн цаг уурын газарт харьяалагддаг байна. Засварын ажил орхигдож, багаж огт ирэхгүй болсон, цалин бага шөнийн нэмэгдэлд 5000 төгрөг л авдаг талаар техникчид нь ярьж санал бодлоо илэрхийлж байлаа.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Эрдэнэ, Даваа гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Авилгын асуудал, Иргэдийн орлого бага байгаа талаар, Арьс ширний үнэ бага байгаа тул боловсруулалт хийдэг болох, Малын тэжээл, хивэгний үнэ хэт өндөр байгааг, Тэтгэвэрийн индекс, итгэлцүүрийг эргэж харах, Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох, ХААН банкны Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчид даатгалаас эргүүлж мөнгө авч чадахгүй байгааг анхаарах зэрэг санал сэтгэгдлүүдийг хэлж байлаа.