Түгжрэл бууруулахад RFID систем ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцов.
Тус газар тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараагийн “e-mongolia” болгох зорилгоор Зам тээврийн нэгдсэн системийг хөгжүүлж байна. Үүний дэд систем болох RFID бол Улаанбаатар хотын 654 мянган тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, хяналтыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдрийн байдлаар RFID уншигч 161 шонг байршуулж, туршилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд оношлогоонд ороогүй, даатгал, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй тээврийн хэрэгслийн илрүүлэлт нэмэгдэж байгаа аж.
Мөн түүнчлэн энэ ондоо багтаж Улаанбаатар хотын иргэд газрын зургийн суурь системийг ашиглах боломжтой болох ажээ. Тус системд нийтийн тээвэр, хүүхдийн автобусны байршил, маршрут, засвартай, түгжрэлтэй зам, зогсоолын мэдээлэл зэргийг бодит цагийн горимоор харуулна. Одоо ашиглаж байгаа googlemap, smartbus зэрэг системээс ялгаатай нь дээрх үзүүлэлтүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харуулах тул зорчигч тээврийн хэрэгслийнхээ сонголтыг хийхээс эхлээд маршрутаа бүтнээр нь урьдчилан төлөвлөх боломжтой болох юм.
Байнгын хорооны дарга Э.Батшугар өмнөх уулзалтаар хэлж байсанчлан RFID системийг зам тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж, түгжрэлийг бууруулахад ашиглах нь илүү үр дүнтэйг онцлов. Лондон, Москва зэрэг хотод гэрлэн дохион системтэйгээ холбосноор замын хөдөлгөөн, уулзварын нэвтрэлтийг бодит цагийн горимоор жигд хуваарилж, түгжрэлийг 20 хүртэл хувиар бууруулсан сайн жишиг олон бий. Нэгэнт багагүй хөрөнгө зарцуулж, гараанаас гаргасан энэхүү системийг илүү ухаалгаар ашиглах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийг дахин өглөө. Эдгээр ажлууд болон цахим технологийн тусламжтайгаар ухаалаг Улаанбаатарыг бий болгоход Инновац, цахим бодлогын байнгын хороо хууль, эрхзүй, бодлогын талаас идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.