БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзлаа
2023.05.10

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзлаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс болон БНХАУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын хүнд үед БНХАУ-аас үзүүлсэн тусламж дэмжлэг цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулахад томоохон хувь нэмэр болсон. Ковидын тохиолдол дотоодод бүртгэгдсэн цагаас шинжилгээ хийх лабораторийн хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлага гарахад БНХАУ-ын Гадаад хэргийн яамны тусламжаар Монгол Улсад дөрвөн ПГУ лабораторийг 38 мянган хүний шинжилгээний багцын хамт буцалтгүй тусламжаар олгосон. Түүнээс хойш дахин гурван удаагийн буцалтгүй тусламжаар мөн шинжилгээний лаборатори, эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг өндөр үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг манай эрүүл мэндийн байгууллагуудад өгч байсан юм. Мөн БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун “Вероселл” вакциныг хандивлаж, манай улс “Синофарм” групп, Бээжингийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй гурвалсан гэрээ байгуулж 4.0 сая тун вакциныг худалдан авч, насанд хүрсэн хүн амыг вакцинжуулсан нь халдварт өвчнөөс хүн амаа хамгаалахад ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм.

Элчин сайдтай хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсад нэн шаардлагатай байгаа Хавдрын эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилга барихад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, эмч, сувилагчдыг сургах, чадавхи бэхжүүлэх, давтан сургах боломжийн талаар ярилцав.