БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд асан Ли Сог Ён төрийн албан хаагчдад лекц уншлаа
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын урилгаар БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд асан Ли Сог Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн энэ өдрүүдэд Монгол Улсад Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген, ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хатагтай Херта Дойблер-Гмелин нар Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын авлигатай тэмцэх ажилд үнэлэмж, зөвлөмж өгч байна.
Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд асан Ли Сог Ён Төрийн ордны их танхимд бодлого гаргаж буй төр засгийн удирдах албан тушаалтнууд, мөн авлигад хамгийн их өртөх эрсдэлтэй нийтийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад “БНСУ болон Монгол Улсын авлигатай тэмцэх бодлого, тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, туршлага ба сургамж” авлигаас ангид ажиллах лекц уншсан юм.
Тэрбээр илтгэлдээ “Аливаа улс орон авлига, хээл хахуультай тэмцэн амжилт олохгүйгээр хөгжилд хүрэх боломжгүй” гэдгийг онцолж байсан юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хараат. Үүнийг дагасан авлига их бий. Тиймээс эхлээд уур уурхайн салбарыг дагасан төрийн өмчит компаниуд, түүнийг дагасан томилгоо албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчлөөс ангижирч, эрүүл тогтолцоо бүрдүүлэх нь чухал. БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд асан Ли-гээс энэ тал дээр туршлага, зөвлөмж авч ажиллана.
Монгол Улс авлигатай тэмцэхэд, мөн Транспэрэнси Интернэйшнлийн 13 шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллахын төлөө хичээж байна. Эдгээр үзүүлэлтээс хамаарч Монгол Улсын авлигатай тэмцэх тэмцэл, бизнесийн орчинд өгөх олон улсын үнэлгээ хамаарна. Тиймээс бүх л секторт ил тод, нээлттэй байдлыг бий болгох шаардлагатай. Хувийн сектор хөгжих эрх зүйн таатай боломж гаргаж, тийш нь бодлого тодорхойлогчийг чиглүүлэх нь авлигатай тэмцэх тэмцлийн хамгийн том хөшүүрэг. Дээр нь, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, эрсдэлийг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигчдийн эрх ашгийг сэргээн тогтоох, хувийн өмчийг хэрхэн хамгаалах зэрэг үзүүлэлтийг сайжруулахаас бидний авлигатай тэмцэх үнэлгээ, улсын ДНБ, хүн амын амьжиргаа хамаарна. Тэгэхээр энэ чиглэлд авлигатай тэмцэх гол бодлого чиглэх учиртай” гэлээ.