“Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийхэд гарах үр ашгийн тооцоолол” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд, “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоолол” хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.05.17) хамтран зохион байгууллаа.
Өнөөгийн нийгэмд гэр бүл төлөвлөлт ба бусад нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сайжруулснаар гарах эдийн засгийн болон эрүүл мэндийн ач холбогдол, үр өгөөжийг томъёолон, түүнд хүрэх аргачлалыг НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон Далайн бүсийн байгууллага, Австрали улсын Бурнеттын Их сургуультай хамтран дотоодын судалгаанд үндэслэн тооцоолсон байна. Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлсэн үгэндээ “Цөөн хүн амтай манай улсын хувьд эх эсэн мэнд амаржиж, нярай эрүүл саруул өсөж хөгжих нь хүн амын тогтвортой өсөлт, улс орны тогтвортой хөгжлийг хангах үндсэн баталгаа болох юм. Миний хувьд “Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиллалаа.
Эх барих, эмэгтэйчүүд, нярай, хүүхдийн эмч, сувилагч, эх баригчдын нөөцийг урьдчилан төлөвлөх, бэлтгэх, сургалтын санхүүжилтийг шийдвэрлэх, эдгээр мэргэжлийн онцлогийг харгалзан тогтвортой ажиллах нийгмийн баталгааг хангах, ялангуяа алслагдсан бүс нутагт амьдарч байгаа айл өрхийн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн зорилтот арга хэмжээг боловсруулж санхүүжүүлэх, төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээг эхлүүлэх зэрэг төсвөөс хамааралтай шийдвэрлэх асуудлууд олон байна” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн энэ удаагийн хэлэлцүүлэг цаг үеэ олсон чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах зарцуулах төсвийг нэмэгдүүлэх, улам оновчтой хуваарилах, хэнийг чи орхигдуулалгүй нийгмийн бүх давхаргад тэгш, хүртээмжтэй хүргэх талаар Засгийн газар, НҮБ-тай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.