О.Цогтгэрэл: Эрдэнэт үйлдвэрийн мэдээлэл яагаад ил тод байдаггүй вэ?
2023.06.09

О.Цогтгэрэл: Эрдэнэт үйлдвэрийн мэдээлэл яагаад ил тод байдаггүй вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгын талаар Монгол Улсын Еренхий сайдад хандаж тавьсан асуулга"-ын хариуг сонслоо. 

Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Овоолго ашиглалтын тухай мэдээлэл сонсож байна. Энэ бол засаглал болоод бусад талаараа олон талт байдаг байх. Ашиглахгүй байсан овоолгыг ашиглаад, зөвхөн баяжмал биш металл хавтан үйлдвэрлэж гараад үүнээс Монгол улсад валют, олон сая доллар орж ирж байгаа нь зарчмын хувьд зөв зүйтэй ажил гэж боддог.

Миний хувьд "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааны талаар хагас жилийн өмнө асуулга тавьсан. Асуулгын хариу ирж, УИХ-ын чуулганы хуралд мэдээлэл хэлбэрээр оруулж ирж өгөөч гэсэн ч асуулгын дараалал олон байна гэдгээр хойшлогдоод яваад буй. Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

Уг үйлдвэрийг дагаад асар их хэмжээний хардлага, сэрдлэг явдаг. Борлуулалт, худалдан авалт, хүний нөөц, шууд гэрээнүүд болон лабораторын бичилт, концентраци агууламжтай холбоотой асар олон хардлага, сэрдлэг явдаг. Эрдэнэт үйлдвэрийн мэдээлэл яагаад ил тод байдаггүй юм бэ? Бид нар хайж үзээд юм олоогүй. Ямар хуулийн хүрээнд ил тод биш байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.