2023.04.14
Х.Ганхуяг: Дарханы төмөрлөгийн үйлдвэр цаашдаа хэрхэх вэ
УИХ-ын чуулганы /2023,04,14/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Өнөөдрийн нөхцөл байдлаар харахад эдийн засагт төрийн оролцож байгаа төсвийн хуулиар төрийн өмчит компаниуд, тусгай зориулалттай зээлийн сан гээд ангилвал ойролцоогоор 80% руу дөхсөн байдалтай байна. Төсвийн алдагдлаар зээл, бондоо санхүүжүүлээд үндсэндээ урд хормойгоор хойд хормойгоо нөхөөд явж байна. Засгийн газар сүүлийн гурван жил авлигалтай тэмцэх, хөрсийг нь цэвэрлэх ажлыг тууштай хийж явж ирлээ. Мөн цаашдаа хийх ажил их бий.
Дээр дурдсан 80 хувийг яаж хувийн хэвшилд авчрах уу. Төрийн оролцоог яаж 20% руу авчрах вэ гэдэг ажлыг хамтдаа хийх хэрэгтэй. Засгийн газрын тусгай зориулалттай 25 сан байна. Ойролцоогоор хоёр их наяд төгрөг сайд нарын кармагаар дамжаад өөрийн аж ахуйн нэгжүүддээ тараадаг ийм сангууд байна.
Сан байгуулахдаа гоё зорилго тавиад байгуулдаг. Явцын дунд тэр салбарт шударга өрсөлдөөнийг байхгүй болгодог. Цаашдаа сан байгуулахаар болбол хугацаатай болмоор юм билээ. Хэрэгжих зорилготой, зорилго нь хэрэгжсэн бол татан буугддаг байхаар. Татварын хөнгөлөлт ч мөн ялгаагүй. Зорилттой, хугацаатай эргээд татвараа авдаг байхаар.
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ гээд цемент, бусад зүйлийн татварыг өндөр болгочихдог. Гэтэл эцсийн дүндээ хэрэглэгч нар хохирдог. Импортыг орлуулах бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх гэж байвал өрсөлдөх чадвартай байх ёстой. Тэрнээс биш зах зээлийг нь хамгаалж өгөөд яваад байхаар үйлдвэрүүд хөгжихгүй, төсвийн буюу татвар төлөгчдийн кармаанаас мөнгө нь гарч яваад байгаа юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлын яриаг сонслоо. Өмнөх асуудлуудаа яриад байна. Гишүүдийн бухимдаад буй цаашдаа яах юм бэ гэдэг дээр тодорхой хариулт өгөөч.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.