2023.06.16

О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн тогтолцоог эмчлэх шаардлагатай болчихжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ дахь цөөнхийн бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуусан "Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар" мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцууллаа. 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Эрүүл мэндийн салбарт ахисан түвшин олон байгаа байх. Энэ салбарын олон мянган ажилчдын ажлыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ асууж ярилцах, тодруулах олон зүйл байна. Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийн асуудлаар эмчлүүлэгч, ард иргэдээс сэтгэл санааны судалгаа авбал сэтгэл эмзэглэм дүн гарах нь тодорхой.

Эмийн чанарын талаар яривал өмнө нь статистикаар зөндөө тоо, мэдээлэл гарсан. Бараг 100% шахуу хуурамч эм байдаг талаар мэдээлэл гардаг. Салбарын зохицуулалттай олон зүйл холбогдоно. Мөн хүний нөөцийн асуудал яригддаг. Нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэг байтугай гуравдугаар шатлалын эмнэлэгт хүний нөөцийн дутагдалд орчихлоо. Үүний цаана санхүү, мөнгө даатгалтай холбоотой асуудал бий.

Сошиалаар ард түмэн нь бүгдээрээ хандив гуйсан хөдөлгөөн өрнөчихсөн. Даатгалын тогтолцоо маань хаана яаж явж байгаа билээ? Үүний цаана олон асуудал яригдана. Эрт илрүүлгийн тоон мэдээллийг сонсож байхад 30 орчим хувь нь хамрагдсан юм байна. Давхардсан тоогоор 600 гаруй мянган хүн эрсдэл бүхий өвчинтэй байж магадгүй гэсэн урьдчилсан дүн мэдээ гарчээ.

Тодорхой насны иргэдийн 10 гаруй хувь нь сэтгэцийн эмгэгтэй гэжээ. Монгол хүний эрүүл мэнд ямар байгаа нь эдгээр тоонуудаас харагдаж байна. Энэ бүгдийг аваад үзэхээр санхүү мөнгө, тогтолцоо, хүний нөөц, хэрэглэж байгаа бараа, бүтээгдэхүүн чанар болон эрүүл мэндийн тогтолцоогоо эмчлэх шаардлагатайг харуулж байна. Эрүүл мэндийн тогтолцоо чинь өөрөө өвчтэй болчихсон юм биш үү? Эдгээр асуудалд дээр Эрүүл мэндийн сайд болон удирдлага, яамныхан ямар бодолтой байна вэ? Тогтолцоогоо яаж өөрчлөх юм бэ?

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.