Хүн амын тоо, хэрэгцээ хүртээмжийг харгалзан спорт заалны барилгын жишиг зургийг боловсруулж байна
2023.06.14

Хүн амын тоо, хэрэгцээ хүртээмжийг харгалзан спорт заалны барилгын жишиг зургийг боловсруулж байна

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны  (2023.06.13)-ны өдрийн хуралдаанаар  “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын мэдээллийг сонслоо.

Засгийн газраас 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр шийдвэр гаргаж Олимп Нийтийн Биеийн тамир, спортын үндэсний хороог шинээр байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хорооны даргаар томилсон билээ.

Энэхүү Биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын алба таван хүний бүрэлдэхүүнтэй. Энэ онд долоон чиглэлийн 49 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган, ажиллаж байгаа юм.

Тухайлбал, Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийг байгуулан, 10 гаруй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Мөн “Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг өөрчлөхөөр ажиллаж байгааг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулав.

Мөн хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох, сорилын стандартыг шинэчлэх, сорилын төв байгуулах, санхүүгийн тооцоолол хийх, сорилын цахим сан бүрдүүлэх журмыг шинээр боловсруулж байгаа аж.  Спортын тэмцээн зохион байгуулах жишиг зааварыг Биеийн тамир спортын улсын хороодтой хамтран боловсруулж байгаа гэлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих спортын барилга байгууламжийг аймаг, сумдын хүн амын тоо, хэрэгцээ, хүртээмжийг харгалзан боловсруулах аргачлал, спорт заалны барилгын жишиг зургийг боловсруулж байгаа бөгөөд ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад бүтээн байгуулалтын тодорхой ажлуудыг оруулахаар ажиллаж байгааг тэрээр онцолсон.

Үүнчлэн спортын талбай, барилга, байгууламжийг өргөжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд, спортын салбарынхны олон улсын түвшинд гаргаж буй амжилтууд, олимпын бэлтгэл ажлууд, Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын чанартай тэмцээнүүд, тэдгээрийн бэлтгэл ажил, санхүүжилтийн талаар танилцуулснаар хуралдаан өндөрлөв.