УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Ковидын төсвөөр нийтийн сонсгол" хийхийг шаардана
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон бүлгийн гишүүд мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцсэн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
"АН-ын зүгээс Улс төрийн намын хуулийн төсөлтэй холбоотой 40 орчим саналаа хүргүүлсэн. Санал нийлэхгүй байгаа заалтууд бий. Тухайлбал төрийн өндөр албан тушаал, намын албан тушаалыг зэрэг хашихыг хэрхэн ялгаж зохицуулах вэ. Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг зэрэг хашиж байна. Улс төрийн намын тухай хуульд үүнийг зөвшөөрөх үү гэдэг асуудал байна. Энэ мэт олон асуудалд АН байр сууриа илэрхийлнэ. Улс төрийн намын санхүүжилт, дэнчинтэй холбоотой заалтуудыг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн. Санхүүгийн ил тод байх гэсэн зарчмыг Ардчилсан намын зүгээс дэмжиж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ардчилсан намаас дэд ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн санаачилсан "Нэг Монгол" хөдөлгөөн өрнө эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Ганибал энэ тухайд, хөдөлгөөний гол зорилго нь АН-ын эв нэгдлийг бэхжүүлэх, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль хэлэлцэж буй энэ чухал цаг хугацаанд гишүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд оршино. Ямар нэгэн хүнээс хамаарал байхгүй гэдгийг хэллээ.
Түүнчлэн О.Цогтгэрэл "Нэг Монгол" хөдөлгөөний талаар, ардчиллыг бэхжүүлэх, нэгтгэх, одоо сонгогдсон удирдлага, намын даргад итгэл өгч, дэмжиж ажиллах зорилготой гэдгийг онцоллоо.
УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа
Тэрбээр "Эмэгтэйчүүдээ парламентын сонгуульд бэлдэх чухал ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Зөвхөн өөрсдөө парламентын гишүүн гэх биш парламентад сонгогдох эмэгтэйчүүдээ бэлдэх, сургалт явуулах, судалгааны ажлыг нь хийж өгөх чухал ажил бий. Намын ажлыг шинэ шатанд гаргах гол хуулиудаа батлуулсан учраас намтай холбоотой хөдөлгөөн өрнүүлж байгаа" гэдгийг хэллээ.