Ужгирсан хуулийг "эмчлэгч" улс төр судлаач
2023.06.15

Ужгирсан хуулийг "эмчлэгч" улс төр судлаач

Сүүлийн гурван парламент дамнан Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг ярьсны эцэст парламентын босго давлаа.

Монгол Улсын авлигын өнөөгийн түвшин (Авлигын индексийн үзүүлэлтээр 180 улсаас 116 дугаарт бичигдэж буй), улс төр бизнесийн хамаарал, бохир мөнгөний нөлөө нь намуудын санхүүжилттэй холбоотой байдаг. Үүнийг өөрчлөхөөр ханцуй шамлан ажилласан хүний нэг нь Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг юм.

“Улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө ямар хүчтэй байгаа билээ. Намууд компани, олигархуудын нөлөөнд орсон байна. Тиймээс энэ УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийг шинэчилэн, эрх зүйн том реформ хийж, намын санхүүжилтийг ил тод болгож чадах юм бол Монголын ардчилал, хөгжлийн бодлогод их том хувь нэмэр оруулах юм” гэж тэрбээр яриандаа онцолсон. Энэ бол түүний олон жилийн турш бодож, судалж, бэлдэж ирсэн зүйл билээ.

1993 онд МУИС-д Улс төр судлалын тэнхим байгуулагдаж, анхны элсэлтээр 13 оюутан авсны нэг нь Ц.Мөнхцэцэг байв. Улмаар 1997 онд улаан дипломтой төгсөж, үргэлжлүүлэн МУИС-д магистрын зэргээ хамгаалжээ.

Дараа нь МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуульд суралцан, улс төр судлалын докторын зэрэг хамгаалж, МУБИС-ийн Дэд профессор цол хүртсэн байна.

МУБИС-ийн багш, улс төр судлалын докторант Т.Туяачимэг “Улс төрийн коммуникациар эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны эрдэмтэн бол манай багш Мөнхцэцэг. Салбарын судлаачид хамтран энэ хуулийн төсөл дээр сүүлийн таван жил ажилласан. Улс төрийн салбарын бүх төлөөлөл оролцож, боловсруулан, мөн хуулийн төслийг гишүүн ахлаад шинэчлэл хийж буй нүдээ олсон алхам” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Өнөөдөр” сонины Улс төр, гадаад мэдээний албанд тоймч орчуулагчаар 1997 онд ажлын гараагаа эхэлжээ. Оюутан цагаасаа л сонинд нийтлэл өгүүлэл бичдэг идэвхтэн бичигч байсныг нь түүний нөхөр Д.Бадамдаш хэлж байлаа.

Тэрбээр “Манай хүн улс төрийн намын шинэчлэлд их анхаарал хандуулж, олон жил судалгаа шинжилгээний ажил бичиж, одоо байгаа хуулийг улам төгөлдөршүүлэх юм сан гэж бодож явдаг” хэмээн ярив.

Ц.Мөнхцэцэгийн улс төрийн сэдвээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо 30 давсан төдийгүй бие даасан таван ном бичжээ.

Мөн гадаад хэл дээр бүтээлээ нийтлүүлдэг байна. Тухайлбал, “Парламентын засаглал дахь гүйцэтгэх засаглалын хүчирхэгжилт”, “Монголын улс төрийн намын гишүүнчлэлийн зарим асуудал”, “Сонгуулийн кампани дахь сошиал сүлжээний үр нөлөө” гэх мэт чухал сэдвээр өгүүлэл тогтмол нийтлүүлж, герман, англи хэлээр хэвлүүлжээ.

Тэрбээр 2002-2012 онд МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багшаар ажилласан. Энэ хугацаанд Герман, АНУ-д зочин судлаачаар уригджээ. Улмаар МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессороор ажиллаж байгаад, 2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилласнаар улс төрд орох эхлэл нь тавигдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Энэ парламентад эрдэм, номтой залуус хэрэгтэй учраас би 2020 оны сонгуулиар 33 залуу эрдэмтдийг багтаа дуудсан. Түүний нэг нь улс төрийн шинжлэх ухааны доктор Мөнхцэцэг юм” гэж онцолж байлаа. Мөн тэрбээр Прогрессив Альянс буюу дэлхийн 144 нам, улс төрийн байгууллагаас бүрддэг томоохон байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

Үүгээр ч зогсохгүй, Олон улсын болон мэргэжлийн Төв Ази судлалын Европын нийгэмлэгийн гишүүн, ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн, ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Улс төр судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт албан тушаал хашдаг байна.

 “Улс төрийн намын тухай шинэчлэлд хувийн хандив өгөхийг хязгаарлана” гэж тусгасан нь Ц.Мөнхцэцэг гишүүний хамгийн их ярьдаг өнцөг.

Улс төрд хандив өгөх, өгөхгүй этгээдүүдийг нарийвчлан зааж, жилд өгөх хувь хүний болоод компанийн хандивын дээд хэмжээг тогтоон өгч, төрийн тендерт оролцсон компаниудыг дөрвөн жилийн наана, цаана улс төрийн намд хандив өгөхийг нь хориглох юм.

Үүгээрээ тэр намд хандив өгч, тендер ялах эсвэл тендерт ялсныхаа дараа намд хандив өгөх гаж системийг хална гэж итгэл төгс хэлнэ. Мөн намд олгож байгаа төсөв, санхүүжилтийн зарцуулалтыг тодорхой болгон өгч буй.

Эдгээр хязгаарлалтыг зөрчсөн намуудад оногдуулах хариуцлагын асуудлыг мөн хуульд тусгасан талаар нарийн тайлбарлаж байлаа. Намын хуулийн шинэчлэлийн гол зорилго нь улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгаж, цэвэр бодлогын өрсөлдөөн бий болгох юм. Энэ утгаараа хуулийн төслийг боловсруулах явцдаа олон улсын жишиг, туршлагыг их судалснаа Ц.Мөнхцэцэг гишүүн яриад, “Маш нягт нямбай, хийгүй хууль” гэв.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ мөн төрөөс намд олгох санхүүжилтийг илүү дэвшилтэй болгож, үүгээр дамжуулан эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн төлөөллийг дэмжихээр тусгажээ. Монголын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд УИХ дахь суудлын 17 хувийг, мөн 40-өөс доош насныхан найман хувийг эзэлж буй өнөөгийн улс төрийн дүр төрхийг өөрчлөх тал дээр энэ нь ахиц, дэвшил авчрах юм.

Ц.Мөнхцэцэг гишүүн мөн УИХ-ын гишүүдийн тоог 120-150 байх ёстой гэж үздэг судлаачдын байр суурийг дэмждэг.

Энэ талаар тэр “1992 онд Үндсэн хуулийг баталж байхад нэг гишүүн 15-20 мянган иргэнийг төлөөлнө гэсэн тооцооллоор оруулж ирсэн байдаг.Тухайн үед манай улс 2.1 сая хүн амтай байлаа. Өнөөдөр манай улс 3.4 сая хүн амтай болсон. Тэр утгаараа сонгогчдын тоо нэмэгдсэн. Тиймээс УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зөв гэсэн статистик тооцоолол бий. Бусад ардчилсан улс орны хувьд парламентын 100-гаас дээш гишүүнтэй байна” хэмээв.

Газар нутгийн төлөөллийг хангахын тулд мажоритар систем зайлшгүй байх ёстой. Үүнтэй зэрэгцээд хүн амынхаа төлөөллийг парламент хангах хэрэгтэй. Тиймээс шийдвэр гаргах түвшинд төлөөлөл сул байдаг нийгмийн бүтцээсээ парламентад илүүтэйгээр оруулж ирэх боломж нь сонгуулийн пропорционал систем болохыг тэрбээр мөн онцолсон. Иймд, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилж өгөх нь газар нутаг, нийгмийн бүлгийн аль алиныг багтаан, улс төрийг “солонгоруулах” боломж аж.

Улс төрийн намын тухай хуультай залгаад Ц.Мөнхцэцэг гишүүнийг Авлигатай тэмцэх хуулийн реформ хийх байх гэсэн хүлээлт байгааг Т.Туяачимэг ярив.

“Парламентад буй нэр цэвэр, ашиг сонирхлын зөрчилгүй цөөн гишүүдийн нэг болохоор алдах, айх, шантаажид орох юу ч байхгүй. Одоо л энэ хуулийн төслийн шинэчлэлийг хийхүй бол хожимдоно” хэмээн тэрбээр онцолсон.

“Тэр жил багш пост докторын төсөлд шалгараад улс төрийн коммуникацийн чиглэлээр эрдэм шинжилгээний хурал Монголд зохион байгуулсан юм. Санхүүжүүлэгч байгууллага нь манай их сургуулиуд болон Нээлттэй Нийгэм ТББ байв. Бид ч идэвхтэй ажилласан. Хурал дуусаад санхүүгийн тооцоо гаргаад 25 мянган төгрөг хэдэн задгай мөнгөтэй үлдсэн. Гэтэл багш шууд яс тоолоод санхүүжүүлэгч байгууллагад очоод тушаав.

Тэр үед л элдэв шуналгүй, үнэхээр шударга хүн юм гэж найз нөхдөдөө ярьж байсан. Эготож биеэ дөвийлгөдөггүй, улс төрийн системийн шинэчлэлд гар бие зүтгэж яваа ганц мэргэжлийн улс төр судлаач хүн” гэж түүний шавь Т.Туяачимэг ярив.

Ц.Мөнхцэцэг уг нь хөнгөн атлетикийн спортоор тавдугаар ангиасаа хойш хичээллэжээ. Сүхбаатар районы “Хоршоолол” спорт клубийг төлөөлж, гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай хамт олон тэмцээн, уралдаанд өрсөлдөж явсан байна. Харин аравдугаар ангийн сурагч байхдаа тэмцээний үеэр өвдгөндөө бэртгэл авснаар спортоо орхижээ. Одоо улс төр, эрдэм шинжилгээний ажилд шамдсан түүний ажлын ачааллаа бууруулж, стрессээ тайлдаг гол арга нь дугуй унах юм.

Түүний ах Ц.Мөнхбат “1980-аад онд бидний амьдрал тааруухан байлаа. Мөнхцэцэг бид хоёр хичээлээ тараад усандаа явна, цай хоолныхоо модыг хөрөөднө, түлээ нүүрсээ зөөнө, гэрийн ихэнх ажлыг хийдэг байв. Тэр багаасаа их спорт “хөөсөн”. Эмээ “Гүйлтийнхээ секцэнд  явж яадаг юм бэ” гэж үглэхийг тоохгүй.  Гэрийн ажлаа хийчихээд гүйчихдэг байж билээ. Багаасаа дайчин, цагийг ягштал баримталдаг, хэлсэндээ хүрдэг, бүхнийг нарийн төлөвлөж чаддаг хүүхэд байсан” гэж дүүгийнхээ талаар ярина.

"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн гишүүн У.Түвшинбаяр