2023.06.21

Б.Жавхлан: "Улаанбаатар төмөр зам"-ын 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулж, дүрмийн санг 168 тэрбумаар нэмэх асуудал шийдэгдлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкын урилгаар энэ сарын 18-22 ны өдрүүдэд Орост ажлын айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр яригдсан асуудал, үр дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар ОХУ-д хийж буй өндөр хэмжээний айлчилал амжилттай болж байна. Оросын Думын талаас энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, удирдлагууд нь хүлээн авч, хэлэлцээний ширээний ард сууж, олон талын чухал асуудлыг хөндөж ярилцлаа.

Хэлэлцээний үр дүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хамтарсан комисс байгуулж, анхны комиссын хурлыг Монголын талд хийхээр боллоо. Улмаар УИХ Думын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр цаашид Засгийн газрын түвшинд явж байгаа олон асуудлуудыг түргэвчлэх, үр дүн гаргаж, илүү далайцтай болгоход чухал дэмжлэг болно гэж харж байна. Мөн УИХ-ын даргын айлчлалын үеэр олон жил яригдаж байсан "Улаанбаатар төмөр зам"-ын 1949 онд анх хийгдсэн хэлэлцээрт өөрчлөлт оруулж, дүрмийн санг хоёр талаасаа тус бүр 83.7 тэрбум төгрөгөөр нэмэх энэ асуудал эцэслэн шийдэгдлээ.

Хоёр жилийн өмнө ОХУ-ын Сангийн сайд В.А.Слановтой энэ асуудлыг манай Засгийн газрын түвшинд хөндөж тавьж байсан юм. Харин өнөөдөр эцэслэгдэн шийдэгдэж байна. Өнөөдөр хоёр талын сайд нар холбогдох баримт бичигт гарын үсэг зурснаар баталгаажих юм. Хоёр улсын тал төсөвтөө дээрх санхүүжилтийг тусгаснаар эдийн засгийн үр өгөөж нэмэгдэхээс гадна "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хувьд томоохон хөрөнгө оруулалт болох төдийгүй Транзит тээвэр, дотоодын тээвэр ложистикийг өргөжүүлэх том суурийг тавьж байгаа юм. Ингээд нийт 168 тэрбум төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлснээр тус компанийн зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт, боломжууд нэмэгдэнэ.

Үүнээс гадна төмөр замын эд анги зүтгүүрүүдийг шинэчлэх боломжтой болно" гэсэн юм. Мөн тэрбээр "Ангарскийн Орос нефтийн үйлдвэр энэ зун өргөтгөл, засвар хийх мэдээлэл байгаа. Энэ үеэр шатахууны тээвэрлэлт түр хугацаагаар зогсох асуудлыг Оросын талаас бидэнд мэдэгдсэн. Тиймээс бид тэрхүү засварын хугацаа нь ямар байх, тэрнээс өмнө шатахуун нөөцлөх боломж юу байх, мөн болж өгвөл өөр эх үүсвэрүүдээс монголын талд шатахуун нийлүүлэх зэрэг хэд хэдэн хувилбар гарцуудыг ярьж байна. Гэхдээ тэр үед хангалт бүрэн зогсоно гэсэн эрсдэл гарахгүй. Бидэнд тодорхой хэмжээний нөөц байгаа" гэв.