Л.Энх-Амгалан: Хэн гишүүний дэмжсэн заалт ямар үр дагаварт хүргэх байсныг хожим харуулна
Хоёр жилийн өмнө өргөн баригдсан Боловсролын багц хуулийг өдгөө УИХ-аар хэлэлцэж байна. Реформын шинжтэй том хууль зөвхөн англи хэлтэй холбоотой нэг заалтын сенсацад дарагдан өнгөрөх эрсдэл харагдсан учир БШУ-ы сайдтай ярилцлаа.
Нөгөөтээгүүр, Л.Энх-Амгалан бол анх томилогдохдоо олон нийтээс хамгийн өндөр хүлээлт авсан, “давхар дээл”-тэй сайд нарын нэг. Боловсролын байнгын хорооны хуралдааны дараа түүнтэй ийн ярилцсанаа хүргэж байна.
Боловсролын салбарыг шинэчлэх таван шийдэл тусгасан
-Ярилцлагаа нөгөө заалтаас эхэлье. Ямартай ч ҮАБЗ-өөс зөвлөмж өгч, англи хэлийг хуульчлахааргүй болчхов уу?
-ҮАБЗ-ийн зөвлөмж англи хэлний заалттай холбогдож гараагүй. Боловсролын багц хуультай ч холбоотой зөвлөмж гараагүй. Харин 21-р зууны монгол хүүхдийг бэлтгэхийн тулд монгол хэл, ёс заншлаа боловсролын хөтөлбөрт илүүтэй тусгах ёстой гэж ҮАБЗ зөвлөсөн.
Гэтэл ҮАБЗ зөвлөмж гаргаснаар англи хэлийг хориглож, ингэснээр Засгийн газар өргөн барьсан хуулиасаа ухарлаа гэдэг буруу ойлголт явчихлаа. Энэ ойлголтын зөрүүг залруулъя.
Боловсролын багц хууль батлагдсаны дараа сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ. Шинэ хөтөлбөртөө угаас гуравдугаар ангиас эхлэн англи хэлийг чанартай заахаар тусгасан байгаа. Бид боловсролын хөтөлбөр, сурах бичгүүддээ үнэлгээ хийхэд,
- Цаг үеэсээ хоцорсон
- Агуулга нь дэндүү академик
- Амьдралд хэрэгтэй ур чадвар болж чадахгүй байна гэдэг дүгнэлт гарсан.
Мөн бид хүүхдийг хүчээр уншуулж, тоо бодуулдаг, сэтгэн бодуулах биш цээжлүүлэх хэлбэрээр сургадаг юм байна. Түүнчлэн 21-р зуунд хамгийн чухал хэрэгцээтэй сэтгэн бодох ба бусадтай хамтран ажиллах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ур чадварыг дутуу дулимаг сургаж байгааг олж харсан. Мэдээж цахим шилжилтийг боловсролын салбарт хангалтгүй хийж байна. Ийм дөрвөн дүгнэлт гарсантай холбогдуулан хөтөлбөрөө шинэчилж байгаа.
Ерөөс боловсролын чанарын ялгаа гаарчихлаа. Хот хөдөөгийн, хувийн төрийн сургуулийн хооронд асар их зөрүү ялгаа үүслээ. Боловсролын салбар өөрөө нийгмийн ялгаатай байдлыг үүтгэдэг болжээ. Энэ тэгш бус байдлыг арилгах зайлшгүй шаардлага бий болсон учир Боловсролын багц хуулийг боловсруулж, өргөн барьсан.
-Энэ тэгш бус байдлыг яаж арилгахаар хуульдаа тусгасан бэ?
-Хүүхэд хаана амьдарч, хаана суралцаж буйгаас үл шалтгаалж чанартай боловсрол эзэмших ёстой. Үүнд таван шийдэл байна гэж харсан.
-За, нэгдүгээрт?
-Санхүүжилтийн тогтолцоо. Учир нь, төрөөс олгодог хувьсах зардал дандаа байгууллагыг, орон тоог санхүүжүүлдэг.
Жишээ татахад, Баян-Өлгийн Цэнгэл суманд болон Улаанбаатар хотод өөр, өөр байна. Улмаар Улаанбаатарт чадварлаг багш нар илүү төвлөрсөн. Мөн хөдөөгийн сургуулийг бодвол орчин, материаллаг бааз өдөр, шөнө шиг ялгаатай.
Үүнийг санхүүжилтийн шинэ тогтолцоогоор шийднэ. Алслагдсан сургуулийн хүүхдүүдэд сайн боловсрол олгохын тулд багш нартаа сайн цалин өгөх ёстой.
Төрийн өмчийн сургууль хүртэл дотроо хөдөөгийн, хотын гэдэг ялгаатай болчихлоо шүү дээ. Тийм ч учраас боловсролын шинэ технологи, платформуудыг жигд хүртээх хэрэгтэй. Энэ үүднээс санхүүжилтийг уян хатан, оновчтой, хангалттай болгоё гэдэг энэ үзэл санаа хамгийн том шинэчлэлийн нэг юм.
Хоёрдугаар асуудал бол үнэлгээний тогтолцоо. Дүн тавьж хооронд нь уралдуулдаг, эсвэл сурагчийг анги дэвшүүлэхийн тулд багш хуурамч дүн тавьдаг, улсын шалгалтын үр дүн тухайн сурагчийн түвшинтэй уялддаггүй байдал бий болсон.
Иймд хуурамч дүнгийн тогтолцоог халъя. Гарааны үнэлгээ хийе. Тэгээд явцын үнэлгээ, барианы үнэлгээ гэж бас хийе. Хүүхэд хүүхэдтэйгээ биш өөрөө өөртэйгөө өрсөлддөг ахиц дэвшлийн үнэлгээ л бий болгоё. Энэ нь дэлхий нийтэд хамгийн зөв тогтолцоо байгаа.
Нэг ангид суралцаж буй 40 хүүхэд 40-үүлээ өөр. Хүүхэд бүрийн энэ онцлогт тохирсон хөтөлбөртэй, сурах бичиг дэх дасгалууд түвшинтэй нь уялддаг байвал хүүхэд өөрөө хоцрогдлоо арилгаад явах боломж бий болно.
Мөн сурагчийн, багшийн, сургуулийн үнэлгээний үндсэн тогтолцоог бий болгохоор зорьсон. Өөрөөр хэлбэл сурагч, багш, сургуулийн аль алинд нь үнэлгээ хийж үздэг болно. Ингээд үр дүнгээ улсын хэмжээнд зарлаж байя гэж.
Ер нь хүүхдийн хоцрогдлыг арилгаж, тэгш боломж олгож буй сургууль л хамгийн сайн сургууль. Харин зарчмаараа гэрт хамгийн ойр сургууль л хамгийн сайн сургууль байх ёстой.
Финляндууд “Хамгийн сайн түүхий эдээр хамгийн муу бүтээгдэхүүн хийж байна” гэж дүгнэсэн
-Багшийн асуудлыг яах вэ?
-Багш бэлдэж буй тогтолцоо ч мөн дээр дурдсан таван чиглэлд багтаж байгаа.
Өнөөдөр ЭЕШ-д доогуур оноо авсан буюу дундаж төгсөгчид л багш болоод байна. Хуучин шилдгүүд нь багш болдог байлаа. Тэгэхээр ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг багш болгодог тогтолцоо руу шилжье, үүний тулд төрөөс тодорхой дэмжлэг өгдөг болгоё гэж зорьсон.
Мөн багш сургууль төгсөж очоод ажлын байран дээрээ тасралтгүй суралцах ёстой. Хуучин Багшийн мэргэжил дээшлүүлэх институт гэж байсан, одоо татан буугдсан. Тийм учраас багш өөрийнхөө үнэлгээнд тулгуурлаж, ямар арга зүй, мэдлэг ур чадварт хоцорч яваагаа олж мэддэг болъё. Хувь хүний хөгжил үү, заах арга барил уу. Ингэж өөрт тохирсон сургалтаа захиалаад, ажлын байран дээрээ тасралтгүй хөгждөг болъё. Энэ нөгөө Кембрижийн тогтолцоо. Сургууль дээрээ буюу ажлын байран дээрээ суурилж багш тасралтгүй хөгждөг. Үүнийг төрийн өмчийн бүх сургуульдаа нэвтрүүлье хэмээж буй. Тэгээд мэдээж багшийн ажлын байр сайн цалингаар үнэлэгддэг байх ёстой.
Энэ бол гуравдугаар асуудал. Дөрөвт бол хөтөлбөрөө шинэчилнэ. Хөтөлбөр шинэчлэгдэхээр сурах бичиг шинэчлэгдэнэ. Сурах бичгээ шинэ технологид суурилж, дижитал болгоно. Танхимын болон танхимын бус сургалтыг зэрэгцүүлэх хэрэгтэй юм байна. “Medlee” гэдэг платформ амжилттай ажиллаж байна. Сонгоны хичээлийн анги дүүрчихээр зарим хүүхэд хүссэн хичээлдээ бэлдэж, ЭЕШ өгч чадахгүй тэгш бус байдал үүсээд байна.
Тавдугаарх нь цахим шилжилт. Сургууль бүрийн интернетийн хурд, компьютерын хүртээмжийн асуудал өөр, өөр. Мөн хүүхэд заавал өөрийн сургуулийн багшаар хичээл заалгах албагүй. Монголын хамгийн сайн багшаар онлайн хичээл заалгах тэр боломж ч бий болох ёстой. Дэд бүтцээс гадна, сургалтын ийм платформыг хөгжүүлэх шаардлагатай байна.
Бид 30 мянган хүүхдэд “Pearson” платформыг маш амжилттай туршсан. “EduTen” гэж математикийн сайн платформ байна. Энэ мэт сайн платформыг төрийн өмчийн сургуульдаа нэвтрүүлэхгүй л бол чанар гэж ярилтгүй. Бид нэг өдрийн дотор ЕБС-ийн 33 мянган багшийг сайжруулчихна гэж байхгүй шүү дээ.
Финляндууд биднийг судалж үзээд “Хамгийн сайн түүхий эдээр хамгийн муу бүтээгдэхүүн” хийж байна гэж дүгнэлээ. “Монгол хүүхдүүд ямар гайхамшигтай ур чадвартай юм бэ. Түүнийг сургууль дээр аваачаад зэврээж, сурах сонирхолгүй болгож байна. Хичээлээ сонирхолтой болго, технологид суурил” гэж байна. “EduTen” платформыг сумын гурав, аймгийн төвийн гурван сургуулийн хүүхдүүдэд туршлаа. Сурагчдын тоо бодох хурд 10 дахин нэмэгдсэн.
-Ямар хугацаанд?
-Хоёрдугаар сарын 1-нээс эхэлж туршихад. Тэгэхээр энэ нь манай хөтөлбөр, сурах бичиг, сургалтын технологи, багш хоцрогдсоныг харуулж байна. Хэрэв өөрчилж чадвал хүүхэд бүрд маш хурдтай сурах потенциал нь байна. Цахим шилжилт ийм боломжийг бий болгоно. Ийм таван шинэчлэлийн хүрээнд хуулиа харж байгаа.
Түүнээс ганцхан англи хэл тойрч маргалдаад, боловсролын салбарт хийх гэж буй таван шинэчлэлийн ач холбогдлыг ойлгохгүй өнгөрч болохгүй.
Хүн тодорч болно. Монголын ирээдүйгээс хол тодрох хэрэгтэй
-Олны анхаарлыг татсан учир англи хэлний заалтаар дахиад хоёр зүйл тодруулъя. Тэр заалт анх Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд байсан. Гэвч өргөн баригдахдаа Боловсролын ерөнхий хуульдаа ороод ирсэн гэж ойлгосон, зөв үү?
-Тийм. Англи хэлийг ЕБС-д л заана. Гэтэл Боловсролын ерөнхий хуулиар цэцэрлэгийн асуудлыг ч зохицуулна. Салбар хуульд байсан заалтыг ерөнхий хууль руу татчихаар, сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсролын байгууллагын үндсэн гадаад хэл англи хэл болоод явчихна шүү дээ. Хоёрт, одоо хятад ч юм уу герман хэлээр явж байгаа сургуулиуд яах вэ гэдэг асуудал үүснэ. Тэгэхээр салбар сургуульд явж байсан зохицуулалтыг ерөнхий хууль дээр авчирч маргаан тарьсан.
-Ажлын хэсэгтэйгээ ойлголцоогүй байсан юм уу?
-Ажлын хэсэг ахалсан хүн маань тэр заалтыг ерөнхий хууль руу оруулаад ирсэн явдал болсон л доо.
-Үүнийг дагаад нийгэмд барууны, зүүний үзэл баримтлал мөргөлдөж байна. МАН-ын бүлгийн хурал дээр “Оросуудад энэ заалтыг батлахгүй” гэж амласан тухай ярьсан ч гэх шиг. Эсвэл Г.Дамдинням нарын гишүүд барууны нөлөөнд орсон ч гэх шиг. Ийм мэдээллүүд сэртхийлгэж байна л даа. Үүн дээр ямар ойлголт авах юм бэ?
-Одоо ч ЕБС-д англи хэлийг зааж байгаа. Заах заахдаа түлхүү зааж байгаа. Гол нь чанарын асуудал л тулгамдаад буй. Сая ярьсан “Pearson” платформыг дөрвөн сар туршихад л өдөр, шөнө шиг ялгаа гарч байна. Хөдөөгийн хүүхэд хотын хүүхдээс дутахгүй сурч байсан. Одоо бидэнд чанар дээшлүүлэх асуудал л бий.
Тэгэхээр, англи хэл заахаас ер ухарсан хэрэг биш. Бүр шинэ хөтөлбөртөө гуравдугаар ангиас нь заая гэж байгаа. Цахим боловсролын хичээлийг нэгдүгээр ангиас нь заах гэж байна. Ийм шинэчлэл явж байхад “Гуравдугаар ангиас заах гэж байснаа больчихлоо”, эсвэл “Ардын хүүхдийн боломжийг хулгайллаа” гэдэг популист, ойрын зайн улс төр хийсэн үйлдэл байж болохгүй.
Хүн тодорч болно. Харин Монголын ард түмний хүүхдүүдийн асуудлаас хол тодрох хэрэгтэй. Би УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч мэдэгдсэн. Хууль батлагдсаны дараа заалт бүрээр нь тайлбар хийнэ гэж. Хэн гишүүн аль заалтын төлөө байсан. Тэр нь ямар үр дагавар авчрах байсныг үзүүлнэ гэж.
-Гэхдээ бас дагалдах хуульдаа ч тэр заалтыг өөрчлөхөөр тохирсон биз дээ?
-Тийм. “Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан гадаад хэлээр явна” гэж өөрчилсөн. Харин үзэл баримтлалдаа болохоор “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гээд заачихсан байгаа.
Хэддүгээр ангид, ямар хичээлийг заах нь хуулиар шийдэгддэггүй. Цэвэр хөтөлбөрөөр шийддэг асуудал.
-Үүнийг “Хар хайрцагны бодлого” гээд хэт хөөрөгдөн тайлбарласан тал байна уу?
-Сургалтын хөтөлбөрт “хар хайрцагны бодлого” байх л ёстой ёстой шүү дээ. “Хар хайрцагны бодлого”-ын хүрээнд л сургалтын хөтөлбөр боловсруулагдах ёстой биз дээ. Өнөөдөр монголоор ярьж чаддаггүй монгол хүнийг бид өөрсдөө бэлдэх юм уу. Эсвэл монголоороо ярьж, сэтгэж чаддаг монгол хүнийг бэлдэх үү л гэдэг асуудал.
Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн хувийн сургуульд л хувьсах зардал өгнө
-Хувийн болон улсын сургуулийн ялгааг арилгахад санхүүжилт дээр л тулж очно. Хувьсах зардал гэж ярихаар зарим уншигчдад хол санагдах байх. Яг яаж?
-Хувийн сургууль багшдаа сайн цалин өгч, сургалтын орчноо сайжруулж байгаа учраас өндөр төлбөртэй. Яг тийм хэмжээний санхүүжилтийг л бид төрийн өмчит сургуульдаа олгодог болъё гэж байгаа. Энэ хүрээнд хувьсах зардлыг нэмнэ гэсэн үг.
-Тэгэхээр төсвийн ачааллыг нэмэх нь?
-Төсөв нэмэгдэнэ.
-Ямар дүнгээр бол?
-Бид жилдээ 3.2 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулдаг. 500-600 тэрбум нь шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгт, 2.3-2.4 их наяд нь цэвэр урсгал зардалд явчихдаг. Бид татвар төлөгчдийн мөнгийг яавал үр дүнтэй санхүүжилтийн тогтолцоотой уялдуулах вэ гэдэг зарчим барьсан гэсэн үг. Хувийн сургуультай ижил хэмжээний санхүүжилтийг л төрийн сургуульдаа олгодог болгохыг зорьж байна.
Нэгхэн жишээ дурдахад, “Pearson” платформыг хувийн сургуулийн сурагч 22 еврогоор авч байна. Асран хамгаалагч нь санхүүгийн боломжтой бол төлнө. Гэтэл төрийн өмчийн сургуульд 22 евро төлөөд англи хэл үзэх боломжтой нь хэд вэ. Тэр боломжийг төр өөрөө бий болгоё л гэж харж байгаа.
-Хувийн сургуультай улстөрчид ч бий. Үүгээр хувийн сургуулийн эрх ашиг хөндөгдөж байгаа юу?
-Хөндөгдөж байгаа. Гэхдээ эерэгээр.
Учир нь, хувийн сургуулиудад Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрийг мөрдөн хэрэгжүүлэх шаардлага тавьж байгаа. Хувийн сургуульд монгол хүүхдүүд л сурч байгаа. Англи сургуульд орчихсон хүүхэд монгол царайтай англи хүн болж, төлөвшиж болохгүй биз дээ.
Тийм учраас хувийн сургуульд тодорхой шаардлага тавина. Төрөөс шаардлага тавьж ирээгүй юм билээ. Тийм учраас дураараа төлбөрөө нэмдэг, хөтөлбөрт нь монгол агуулга багтдаггүй асуудал явж ирсэн. Цаашид төр хувьсах зардлыг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн сургуульд л өгнө.
Бүх хичээлийг монгол сэтгэхүйгээр интеграцчилна
-Хуулийн хэрэгжилтийг хамгийн түрүүнд шинэчлэгдсэн сурах бичгээс л хүлээх байх. Агуулга бэлтгэх ажил эхэлсэн үү?
-Эхэлсэн. Сурах бичгийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчилж байгаа. 2025 оноос эхэлж хэрэгжинэ.
-Сурах бичиг гэхээр хэвлэлийн асуудал сөхөгддөг. Б.Батцэцэгийн, эсвэл Д.Амарбаясгалангийн компани сурах бичгийн тендер хамж авдаг гэдэг асуудал бий?
-Энэ жилээс эхлээд бүх сурах бичгээ дижитал болгож байгаа. Заавал цаасан сурах бичиг худалдаж авах шаардлагатай тулгардаг асуудал шийдэгдээд явах болов уу. Цаасан нь ч бас байна. Хөтөлбөр шинэчлэгдэхээр сурах бичиг ч шинэчлэгдэж таарна.
-Монгол сэтгэхүйтэй иргэн бэлтгэх гэдэг чухал агуулга хэрхэн тусаж байгаа вэ?
-Хөтөлбөрийн үзэл баримтлалаар. Нэгдүгээр ангиас Иргэний ёс зүй гэдэг хичээл орж эхэлсэн. Одоо бусад хичээлүүдийг ч үндэсний агуулгатай болгож интеграцална. Математикийн хичээл хийхдээ ч монголоороо сэтгэх гэх мэт. Мөн өөрөөр Монгол ёс гэдэг хичээлийг шинээр нэгдүгээр ангиас эхэлж орно.
-Үүнийгээ мөн хувийн сургуулиудад мөрдөхийг шаардана гэж үү?
-Тийм.
-Боловсролын багц хуульд эсэргүүцэлтэй тулж буй ч юм уу, эсвэл онцолж ярих өөр заалт байгаа юу?
-Өөр гайгүй дээ.
Манай Засгийн газар улс төрийн томилгоог халж байгаа. Одоо бол сумын засаг дарга сумын сургуулийн захирлыг тавьж байгаа. Аймгийн засаг дарга аймгийн төвийнхийг. Хотод гэвэл дүүргийн засаг дарга дүүргийнхээ тавьж байгаа. Үүнийг больж, хамт олон нь тодорхойлж, дороос гарч ирж буй багш ажилтнуудыг сургууль, цэцэрлэгийн удирдлага болгоход зорино.
Шинэ хуулиар аймгийн боловсролын газрын дарга аймгийнхаа сургууль цэцэрлэгийн захирлыг, дээр дурдсан үндэслэлд уялдуулан томилох юм. Нийслэлд мөн ижил. Энэ их чухал.
Ашиг сонирхлын зөрчил илэрлээ гэж 3-4 гомдол ирсэн учраас О.Сийлэгмааг чөлөөлсөн юм билээ
-“Шүүр” ажиллагааны хүрээнд яаман дээр боловсон хүчний хувьд санаа зовох асуудал үүсэж байна уу. Танай яамнаас халагдсан зарим хүн ТӨБЗГ руу бичиг явуулсан байсан. Таныг ирээд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж ирсэн. Тэд нь шаардлага хангахгүй “шүүрдүүлээд”, одоо яам боловсон хүчний эрсдэлд орсон гэж ярьж, бичээд байгаа?
-Ямар ч эрсдэлд ороогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Би сайд болоод хамаарал бүхий нэг ч хүнээ авчраагүй. Харин яаманд биш гадна ажиллаж байсан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүст боломж олгосон. Харамсалтай нь “Шүүр” ажиллагаагаар зарим албан тушаалтнууд маань чөлөөлөгдсөн. Зарим нь сонгон шалгаруулалтад орж, эргээд орж ирж байгаа.
-БЗС-гийн асуудлын дараа таныг олон нийтээс өгсөн өндөр хүлээлтийг унагаж, алдаа хийж эхэллээ гэж шүүмжилсэн. О.Сийлэгмаа одоо л “ардын баатар” болоод байгаа болохоос БЗС-д ажиллаж байхдаа бас л ашиг сонирхлын зөрчил үүсгээд халагдсан гэдэг. Популист талын алдаа гаргасан юм бий юү?
-БЗС-гийн мэдээллийг хамгийн түрүүнд хэн ил болголоо. Манай Засгийн газар. БЗС өнгөрсөн 30 жилд 1 их наяд төгрөг зарж. 700 тэрбумыг нь дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад зарцуулсан байна. Энэ бол үр дүн мөнөөсөө мөн.
Шилжилтийн хүнд үед, үндэсний боловсролын тогтолцоог авч үлдэхэд БЗС маш том хувь нэмэр оруулсан. Харин 300-гаад тэрбумыг гадаадын их, дээд сургуульд суралцах оюутнууддаа зарцуулсан. Өнөөдрийн байдлаар БЗС-гийн зээлээр гадаадад суралцсан 2100 хүүхдээс хэн нь дарга цэргийнх байв, хэд нь мэдээлэлд ойр байв гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллагад өгчихсөн байгаа.
880 орчим оюутны зээлийг чөлөөлсөн байсан. Хэд нь журмын бусаар чөлөөлөгдсөнийг бас хуулийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар 230-аад хүүхэд гэрээний үүргээ биелүүлэлгүй, төрд 30-аад тэрбум төгрөгийн хохирол учруулах эрсдэл үүсжээ гэдгийг бид өөрсдөө л эхэлж тавьсан.
О.Сийлэгмаа БЗС-д яг гадаадын зээл, тэтгэлгийг хариуцан ажиллаж байхдаа энэ асуудлыг гаргаж тавихгүй яасан юм. “Шүгэл” ажиллагаа хүн бүхэнд шүгэл үлээгч болох эрхийг өгсөн. Харин хүн бүхэн шүгэл үлээгч болохдоо, хэн нэгний нэр төрд халдах юм уу улс төрийн ашиг хонжоо хайж болохгүй.
“Зүй бус харьцаж байна, ашиг сонирхлын зөрчлүүд илэрлээ” гэдэг 3-4 хүний өргөдөл ирж байж, О.Сийлэгмаад хариуцлага тооцсон юм билээ.
-Тэгээд та яагаад эргээд ажилд нь авъя гэж пост бичсэн юм?
-Уулзсан. Үнэхээр шударга юм бол энэ асуудалд хамтраад оролцъё. Шударга юм бол БЗС-даа буцаж очоод алдаа дутагдлуудыг зас, тэгэх боломжийг олгоё гэж хэлсэн шүү дээ.
-Одоо БЗС-д дахиж ажиллахгүй юм шиг байна. ЗГХЭГ-т орох сураг байсан.
-Хувь хүн хаана ажилд орохыг бид яриад яах вэ.
“Старлинк”-ийг хориглож, эсвэл “Юнител”-ийн эрх ашгийг хамгаалаагүй
-Саяхан нэг төрийн албан хаагчийн хуурамч дипломтой ажиллаж байсан хугацааны цалинг улсад учруулсан хохирол гэж үзээд, нэхэмжилсэн практик үүслээ. БШУЯ хуурамч дипломыг анх шалгасан. Дээрх практикийн дагуу, цалин нэхэмжлэх асуудал сөхөгдөх үү?
-Энэ шүүхээр л шийдэгдэх болов уу. Манай салбарын хувьд 2000 гаруй хуурамч дипломтой албан хаагч гарч ирсэн. Одоогоор 300 гаруй нь чөлөөлөгдөж байгаа юм билээ. Олон жил ажиллачихсан багш нараас яг тэгж цалин нэхэмжилнэ гэдэг ямар юм бол. Мэдээж төрийг хуурч, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсан гэсэн үг учир зарчмын хувьд нэхэмжлэх ёстой байх.
Гэхдээ багш хомстолтой өнөө үед олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнээ давтан сургах, ажлын байран дээрээ суралцах боломжийг олгох нь зүйтэй байх. Тэр кэйс дээр манай яам нэхэмжлэгчээр оролцоогүй шүү дээ. Энэ бол иргэний хуулийн журмаараа явсан зүйл.
-Та хавар ЦХХХ-ны сайдын үүргийг давхар хашиж байхдаа, “Старлинк”-ийг орж ирэхэд тодорхой хаалт тавьсан маягийн тушаалд гарын үсэг зурчихсан байсан уу. Дотоодын ААН-үүдээс л сүлжээ түрээсэлж хэрэглэнэ гэх мэт. Сая Ерөнхий сайд Элон Масктай өөрөө уулзахад хүрсэн нь үүнийг эргэн санууллаа?
-Тэгээгүй шүү дээ. ЦХХХ-ны сайдын үүргийг 10 сар түр гүйцэтгэх хугацаанд болсон явдал. “Заавал газрын станцтай байна” гэх мэт тодорхой журмуудыг салбар яам нь боловсруулж оруулж ирсэн. Сайд нь батлах ёстой учраас баталсан. Түүнээс “Старлинк”-ийг хориглоод, эсвэл “Юнител”, “Юнивишн”-ий эрх ашгийг хамгаалсан юм байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Орж ирсэн журамд л гарын үсэг зурсан гэж хэлж байх шиг байна. Ярилцсанд баярлалаа. Сүүлд нь, хувийн хэвшлээс шилжиж, салбарын яам удирдаж ажиллахад хүндрэлтэй тал юу байгааг асууя?
-Соёлын ялгаа байна. Ажилд сэтгэлээрээ хандах, хурдан түргэн хийж гүйцэтгэх гэдэг хувийн хэвшил, төрийн албанд өдөр, шөнө шиг болж. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан чиглэлийн хүрээнд цахим үндэстэн болж байж л энэ хүнд суртал, авлига хээл хахууль арилна гэж үзэж байгаа. Мөн сэтгэлгээний хоцрогдол их ажиглагддаг даа.