2023.06.29

Б.Энхбаяр: Навигацийн орлого бол байгууллагын өмч биш учир олон нийтийн хараа хяналтаас гаргаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Эдийн засгийн байнгын хороон дээр төслийн 28-ийн хоёрдох хэсгийг хасах саналыг дэмжихгүй үг хэлээд, дэмжүүлээгүй байхад хувь нэмрээ оруулсан хүн нь би байгаа юм. Хасаж болохгүй гэдэг үндэслэл нь, нийтдээ 100 орчим сая ам.долларын хэмжээний буюу 300-400 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулдаг байх уу, үгүй юу гэдэгтэй холбоотой мөнгөн дүн. Уг дүн том хэмжээний мөнгөн дүн.

Миний гаргасан гол үндэслэл нь Монгол Улсын агаарын навигацийн орлого нь Иргэний нисэхийн ерөнхий газрын орлого биш шүү дээ. Агаар бол нийтийн өмч. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт ард түмний мэдэлд байдаг агаарыг ашиглуулсны төлөө олж байгаа орлого юм. Мөн байгууллага болон нэг сайдын захиран зарцуулдаг ч өмч биш. Энэ орлогыг ямар хэмжээнд, юунд зарцуулах вэ гэдэг асуудал нь өөрөө нарийн зохицуулагдах ёстой. Тэгэхгүй бол ИНЕГ-ын дарга 300-400 тэрбум төгрөгийг мэднэ гэвэл асар том хэмжээний авлигын асуудал.

Асар том хэмжээний мөнгөн урсгалыг нэг байгууллагын даргад өгөх гээд байгаа юм. Тийм учир, нийтийн өмч гэдэг агуулгаа сайтар ойлгох хэрэгтэй. Монгол Улсын агаарыг ашиглуулсны төлөөх орлого. УИХ-ын буюу нийт ард түмний төлөөллийн байгууллага Монгол Улсын зээлийн бодлогыг тодорхойлох үндсэн хуульд заасан бүрэн эрхтэй байгууллагын хараа хяналтаас гадуур байж болохгүй шүү гэдгийг хэлсэн. Бид өмнөх асуудлууддаа дүгнэлт хийх ёстой. Хэрэв энэ заалтыг хассан тохиолдолд УИХ-аар орохгүй шүү гэдэг агуулгаар хасаж байгаа хэрэг огт биш гэдгийг зориуд хэлж байна. 100 хувь энэ орлогыг Зам тээврийн сайд, ИНЕГ-ын дарга захиран зарцуулна гэдгийг зөвшөөрч байгаа хэрэг огт биш.