Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
2024.01.11

Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хуулийн төслийг танилцууллаа.

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна.” гэж заасан.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.” гэж хуульчилсан бөгөөд шинэчилсэн найруулгаар “Засгийн газрын тохируулагч агентлаг” болгон өөрчлөн тусгасан.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын тохируулагч агентлаг “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ыг өөрчлөн байгуулах асуудал тусгагдаагүй болно.
Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсонтой холбогдуулан Иргэний нисэхийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ЭЗБХ-ны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn