Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
2023.07.27

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судлан, шийдвэрлэх юм.

Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хүртээмж, ачааллыг бууруулах талаар салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээллийг сонсоод Барилгын тухай хуульд заасны дагуу холбогдох журмыг боловсруулж батлах, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол боловсруулж, хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар даалгалаа.