Сүхбаатар дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
2023.08.15

Сүхбаатар дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, гадна тохижилтын ажил дуусан ашиглагчид хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Тус сургууль нь А,B,C блок бүхий спорт заал, урлаг заал, хоол үйлчилгээний заал, номын сан, эмчийн өрөө бүхий, хичээлийн нийт 32 анги танхимтай.

2023-2024 оны хичээлийн шинэ жилд Ерөнхий боловсролын 159 дүгээр сургууль болж хамрах тойргийн суралцагчдаа хүлээж авахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Автор” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Тэргүүн чансаа” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.