Д.Сумъяабазар: Судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна
2023.08.22

Д.Сумъяабазар: Судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр Хотын дарга болон УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байна. Хотын ажил гэдэг бол цаг наргүй. Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган төрийн албан хаагч ажилладаг. Хотын оролцохгүй салбар гэж байхгүй. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг системтэй бодлогоор үе шаттай шийдэхээр УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулсан. Энэ хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх ажлууд эрчимтэй явж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд баталсан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан. Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой болж байна. Түүнчлэн нийтийн тээвэрт иж бүрэн буюу 1225 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий. Мөн зөвшөөрөлгүй хашаа, хайс, гарааш буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг эхлүүлнэ. Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Эдгээр хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хараа хяналт дор, ил тод, нээлттэй байна.

Э.Бат-Амгалан: Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны Э.Бат-Амгалан:

-Хотын дарга Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Судалгаануудыг маш сайн хийсэн байна. Цаашид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатар хотын багц хууль болгох шаардлага үүссэн. Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж байгаа. Бид 1.6 сая иргэнийхээ төлөө нэг зүгт харж, хамтарч ажиллах ёстой. Тиймээс 10 гаруй хуулиас бүрдэх Улаанбаатар хотын багц хуулийг УИХ-ын ирэх намар, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Н.Учрал: Хөрөнгө оруулалт татах шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдэл

УИХ-ын гишүүн Н.Учрал: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн 25 жилийн газар олголтын тухай мэдээллийг shilen.gov.mn-д нэгтгэх зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр үе үеийн Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарын газар олголтуудын мэдээлэл олон нийтэд ил боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ мэдээлэл ил байгаагүй. Харин Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтэд хяналт тавих боломжийг бүрдүүллээ. Иргэд Улсын комисс ажилласан гэхээр тухайн барилга найдвартай гэж үзэн, орон сууц авдаг. Гэтэл голын ай сав, эрсдэл бүхий газар А даалгавар авч, барилга барьж, түүнийг Улсын комисс хүлээж авч байгаа нь хаа хаанаа гажуудал үүссэний илрэл. Улсын комисст холбогдох төрийн байгууллагын багадаа 20 хүн ажилладаг. Энэ бүхний нээлттэй, ил болгож байгаа нь Нийслэлийн Засаг даргын хувьд маш том ажлын дэвшил. Цаашид хэн нэгэн хууль зөрчиж газар олгох, барилга хүлээж авах бололцоогүй болж байна.

Хотын дарга дэвшүүлж байгаа хөтөлбөрөө танилцуулж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн суурь судалгаанд үндэслэн шийдвэр гаргаж байгаагаа хэллээ.

Мөн хот татварын орлогоор бүрддэг байсан төсвөө анх удаа хоёр урсгалтай болгож, үнэт цаас гаргах, уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрөө хөрөнгө мөнгө босгох шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдэл. Тэгэхээр зөвийг зөвөөр харж, хяналт тавьж, хамтарч шийдэх нь хотын иргэдийн үүрэг, хариуцлага юм.

Х.Ганхуяг: 30 гаруй жил хуримтлагдсан асуудлыг шийдэхийн тулд санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: УИХ-д өмнө нь Улаанбаатар хоттой холбоотой ямар нэгэн хороо байгаагүй. Энэ УИХ-ын нэг онцлог нь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороотой болсон явдал. Ингэснээр Улаанбаатар хотын эрх зүй, төсөв, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд дөхөм болсон. Хотын дарга шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлж, төсвийг шийдэх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх багц хуулийн саналыг танилцууллаа. Эдгээрийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл үр дагаварт суурилсан, гал унтраах бодлого баримталж ирсэн. Цаашид шалтгаанд үндэслэж төсөв тавьдаг, бүх асуудлыг нэг дор шийдэх бус, гол асуудлын шалтгааныг шийдэх байдлаар төсвийг шийдэж явна.

Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Энэ хүрээнд нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, холбоос замуудыг байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь аж төрж байгаа. Тэгэхээр 30 гаруй жилд хуримтлагдсан асуудлыг цогц байдлаар шийдэхийн тулд санхүүгийн нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Энэ гаргалгаа нь Нийслэлийн үнэт цаас, “Эрдэнэс баян богд” төсөл юм.