2023.09.05

Сангийн сайд 2024 оны төсөвт тусгах Ховдчуудын саналыг авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж, аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо. Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын ажлын багт хамт ажилласан бөгөөд 2024 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулахад Ховд аймгийн иргэдийн саналыг авлаа. 

Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, боомтуудаа автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд танилцууллаа.

Харин Ховд аймгийн иргэд 2024 оны төсөвт: 

  • Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах,
  • Ховдын дулааны станцын өргөтгөлийн 2-р үе шат,
  • Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга,
  • Гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв,
  • Ховд-Улаангом чиглэлийн 163,3 км хатуу хучилттай автозам,
  • Жаргалантын 320 хүүхдийн сургууль
  • Ховд сумын цэцэрлэгийн барилга,
  • 1000 айлын орон сууцны зураг төсөв,
  • Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл барих

зэрэг төслүүдийн санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгаж өгөхийг хүслээ.