Хилийн салбарт шинэ техник хэрэгсэл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0258 дугаар салбарт хил хамгаалалтад ашиглах шинэ техник технологи гардуулах ёслолын арга болж өнгөрлөө. Тодруулбал, уул, ой тайгын бүсэд ашиглахад тохиромжтой UTV квадрат цикл, хөнгөн завь тус бүр хоёр ширхгийг гардуулсан юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Дэд дарга Л.Мөнхбаатар, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Д.Идэрбат, Хилийн цэргийн 0258 дугаар салбарын захирагч, ахмад Л.Чинзориг болон сум орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцлоо
Хөвсгөл аймгийн онцлог нь ард иргэдийн аж амьдрал хил хамгаалах байгууллага, хил хамгаалах үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг явдал юм. Учир нь Хөвсгөл аймгийн 9 суманд 11 застав хил хамгаалах үйл ажиллагааг амжилттай явуулж байна.
Хөвсгөл аймгийн хилийн бүсэд малын хулгай болон хил зөрчигчийн асуудал их гардаг тул хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлж, шинээр отряд нэмж байгуулах зайлшгүй шаардлагатай байсан юм. Иймд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд шинээр отряд байгуулахаар болж Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд 8,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулж, барилгын ажил явагдаж байна. Мөн Баянзүрх сумын Хонин уулын хилийн салбар анги болон Цэцэрлэг сумын Ямаатын хилийн салбар ангийн барилгыг нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Цагаан-Үүр сумын хилийн салбар ангийн барилгыг 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус барьж ашиглалтад орууллаа.
Түүнчлэн, Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 11 автомашин гардуулан өгсөн бөгөөд ингэснээр Хөвсгөл аймгийн бүх хилийн ангиуд туулах чадвар сайтай бүрэн тоноглосон автомашинтай боллоо.
Холбоотой мэдээ
2024.11.25
2024.11.18
2024.11.11