Х.Баттулга: Бодлого байдаг ч хууль эрх зүйн орчин алга
2009.06.15

Х.Баттулга: Бодлого байдаг ч хууль эрх зүйн орчин алга

УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг “Ажил хэрэгч ярилцлага” булангынхаа зочноор урилаа.

-Өмнөх Засгийн газрын үед 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүллээ гэсэн ч үр дүн нь хүртэх ёстой хүмүүстээ хүрээгүй. Одоо харин 100 мянган айлын орон сууц барина гэж байна. Хямралаас хамааралтайгаар үл хөдлөх хөрөнгийн буюу орон сууцны зах зээл түгжигдчихсэн байдаг. Том амлалтыг хэрэгжүүлэхэд танд юу саад болж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын үед 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зарласан нь уначихаад байсан барилгын салбарт том дэвшил болсныг тэмдэглэх хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдахын тулд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдий идэвх сэргэсэн гэж болно. Түүний хүрээнд 35-38 мянган айлын орон сууц барьсан гэсэн судалгаа байдаг. Барилын салбарыг эрчимтэй, хурдтай хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал байгаа. Дээр нь хямрал нэрвээд энэ салбарын хөгжил зогсонги байдалд орчихлоо. Ипотекийн хууль батлагдаад, барилгын компани, худалдан авагчийн харилцааг тодорхой болгоод өгвөл үр дүнгээ өгөх байх гэж найдаж байгаа. Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаа нь бидэнд учирч байгаа хамгийн том бэрхшээл гэж ойлгож болно.

-Бодлогоо хэрэгжүүлэхэд яг ямар хууль батлах шаардлагатай байна.

-Ипотекийн хууль, Концессийн хууль, хувь, хувьсгал хоёр нийлээд бүтээж болдог гэсэн агуулгатай хууль, хувийн хэвшлийнхэн хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийгээд түүнээ төрд хүлээлгэж өгдөг байх зэрэг харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид хуулийн хамгаалалт, үйл ажиллагаа явуулах тогтвортой орчныг чухалчилдаг. Яамны зүгээс УИХ-д өргөн барихаар боловсруулсан төслүүд бий. Түүнийг шийдээд өгчихвөл бодлогоо тууштай хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-40 мянган орон сууц хөтөлбөрт нэн хэрэгцээтэй хэсгийнхэн хамрагдаж чадаагүй байх. Цалингаараа амьдардаг болон төрийн албан хаагчид, дунд орлоготой иргэд орон сууцны үнийг хэзээ ч төлж хүчрэхгүй л дээ.

-Ипотекийн хуультай болчихвол наад асуудлыг чинь шийдэх боломж бүрдэх юм. Цалингийнхаа тодорхой хэсгээр орон сууцтай болох боломжийг хуульчилж өгнө л гэсэн үг. Тэгэхээр нэн шаардлагатай хууль.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.