2023.10.06

Д.Сарангэрэл: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийг магадлангаар оруулж, өршөөл үзүүлэхгүй байх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлт өргөн барилаа.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн асуудал хэрээс хэтэрч байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл авахад, 2023 эхний хагаст 960 гэмт хэрэгт, 990 хүүхэд хохирсон байна. Энэ тоо баримтуудтай ярих юм алга. Мөн энэ хагас жилийн хугацаанд 251 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэрэг гарах болгонд нийгмээрээ цочроо аваад өнгөрдөг. Сая сайд ерөнхий мэдээлэл хийлээ. Одоо бид тодорхой асуудлыг ярих ёстой хэмээн бодож байна. Тухайлбал, Англи улсад бага насны хүүхэд хүчирхийлбэл “бугуйвч” зүүлгэдэг, АНУ-д хүчирхийлэл үйлдэгчийн мэдээллийг олон нийтэд зарладаг. Харин зарим нэг оронд хүчирхийлэгчийг химийн аргаар арга хэмжээ авч, ажиллагаагүй болгодог. Дээрх асуудлуудыг та бүхэн маань судалж үзсэн үү, үүн дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?

Камержуулахын асуудлын Х.Нямбаатар сайд сайтар ахиулсан хэмээн хардаг. Үндэсний хэмжээнд хийхэд эмэгтэй гишүүдийнхээ санаачилгыг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн.

УИХ дэх 13 эмэгтэй гишүүн үндэсний хэмжээнд камержуулалтын асуудлыг шийдвэрлэх төсвийн тооцоо судалгааг хийж, хуульд суулгана. Камерын ач холбогдлыг та бүхэн мэдэж байгаа.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл үзүүлдэггүй байх, магадлангаар оруулдаггүй байх, бүх насаар нь хорьдог байх гэхчлэн хуулийн бодлогоо чангатгая.

Түүний асуултад, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Баттөмөр хариулт өглөө