Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна
2023.10.06

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлт өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж, Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ... хамгаалуулах эрхтэй;” гэж, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасан болно.

Гэвч сүүлийн үед хүүхдүүд зам тээврийн ослоор амь насаа алдах, гэртээ харгалзах хүнгүй байж байгаад гал, усны аюулд өртөх, тагтнаас унах, хүүхэд алга болж, гэмт хэргийн золиос болох тохиолдлууд удаа дараа гарч байгаа тул хүүхдийн эрх, баталгаатайгаар хамгаалагдах эрх зөрчигдөж байна.

Дэлхийн улс орнуудад хүүхэд хамгаалал, хүүхдийн гэр, сургуулийн орчин дахь аюулгүй байдлыг маш нарийн хуульчилж, журамласан байдаг.

Тэгвэл Монгол Улсын хувьд хүүхэд хамгааллын тухай хууль хэрхэн хэрэгжиж байна, яагаад хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа тухайд холбогдох бүх л албан тушаалтан, байгууллагууд, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл энэхүү сонсголд оролцож асуудлыг ярилцаж, засч залруулах шийдлүүдээ танилцуулах юм байна.