Б.Энхболд: Эрхээ хамгаалуулсан хүүхэд бүх түвшинд хөгждөг
2023.06.06

Б.Энхболд: Эрхээ хамгаалуулсан хүүхэд бүх түвшинд хөгждөг

Хэдхэн хоногийн өмнө бид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Угтаа хүүхдийн эрхийг хамгаалах өдөр боловч бодит байдал дээр чихэр, жимс, амттан тоглоомоор аргацааж өнгөрдөг. Гэвч хүүхдийн эрх зөрчигдсөөр буй бараан дүр зургийг нийгмээрээ харсаар буй.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэж, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид хэрхэх ёстой тухай хоосон лоозогнох бус хийх боломжтой зүйлсийн талаар БЗД-ийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга, дүүргийн Залуучууд хөгжлийн зөвлөлийн дарга Б.Энхболдтой ярилцлаа.

- Та ямар мэргэжилтэй вэ? Өмнө нь хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байсан талаар нь ярилцлагаа эхлүүлье. 

Миний бие Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа “Хүүхэд хамгаалах” байранд ээлжийн Нийгмийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Хамгаалах байранд ажиллана гэдэг сургуулиа төгсөөд удаагүй залуу төгсөгчийн хувьд хүнд шийдвэр байсан ч оюутан байх хугацаандаа “Найрамдлын эрдэнэс” зусланд хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг байсан нь хүүхэд хамгаалах байранд ажиллахад их нөлөөлсөн.

-Хүүхэд хамгааллын байранд ямар нөхцөл байдалтай хүүхдүүд ихэвчлэн ирдэг вэ? Тэдэнтэй хэрхэн ажилладаг талаар тодруулвал?

Хамгаалах байранд 0-18 насны дутуу төрсөн, гудамжинд орхигдсон, ямар нэг байдлаар ээж, аавдаа гологдсон, хүчирхийллийн золиос болсон, мөн гэрийхэндээ үл хайхрагдаж гэрээсээ дайжсан, буруу зан үйлтэй, гэмт хэрэгт холбогдсон зэрэг өөр өөр түүх, кейстэй хүүхдүүд ирдэг. Эдгээр шалтгаанаар ирсэн хүүхдүүдэд анхан шатны үйлчилгээ үзүүлж, аюулгүйн зэргийн үнэлгээ хийснээр хамгаалах шаардлагатай гэж тогтоогдвол хамгаалах байранд авч үлддэг. 

Хамгийн эмгэнэлтэй нь хамгаалах байранд нэг ирсэн хүүхэд дахин давтамжтайгаар ирдэг. Энэ нь хүүхэд хамгааллын салбар дахь тусламж, үйлчилгээ хүүхдэд хүрч байна уу, үзүүлж буй үйлчилгээ үр дүнтэй байж чадаж байна уу гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Уг нь тухайн хүүхдийн асуудлыг шийдэж чадсан бол дахиж ирэх ёсгүй. Иймд уг асуудалд анхаарч, хүүхэд хамгааллын тогтолцоогоо эргэж харах шаардлагатай байна. 

Жишээлбэл, архины хамааралтай гэр бүлийн хүүхэд гэрээсээ дайждаг байлаа гэж бодъё. Гэрээсээ өөр очих газаргүй учраас хамгаалах байранд ирдэг. Тухайн хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж шаардлагатай арга хэмжээг авдаг. Гэтэл  хүүхдийн ар гэрийн нөхцөл байдлыг өөрчлөх хамгийн хэцүү нь. Дүүрэг бүрт хүүхэд хамгааллын асуудлыг шийдвэрлэдэг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс гэж бий. Энэ байгууллагаас ар гэрт нь шат дараатай арга хэмжээг авч, зайлшгүй тохиолдолд эмчилгээнд хүртэл явуулж ажилладаг.

Гэвч эдгээр ажил үр дүнтэй бус байна. Хүүхэдтэй хэчнээн ажилласан ч гэр бүлийн суурь орчин нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээрээ байгаа учраас хүүхдийн эрх зөрчигдөж, хамгаалах байранд ирэх хүүхдийн тоо буурахгүй байгаа юм. Бид тохижилтын ажил эсвэл эвдэрсэн замыг хөрөнгө, мөнгө гаргаад засаад шийдвэрлэчихдэг.

Харин хүүхэд хамгаалал буюу хүнтэй ажиллаж, хүнийг өөрчилнө гэдэг маш хүнд ажил байдаг. Түүнчлэн энэ салбарт ажиллагсдын цалин бага байдгийн улмаас мэргэжлийн хэмжээнд, сэтгэлээсээ ажиллах боловсон хүчин дутмаг байна. Ажилгүй гэртээ байхаар бага цалинтай ч хийчихье гэсэн хандлагаар ордог хүмүүс хүүхдийн асуудлыг шийдэх бус улам дараа нэмэх тохиолдлуудыг миний бие энэ чиглэлд ажиллаж байх явцдаа харж байсан. 

Хүүхэд хамгааллын ажлыг сэтгэлтэй хүн л хийдэг.

-Эдгээр тулгамдаж буй асуудлыг шийдэхэд ямар бодлого, шийдвэр хэрэгтэй гэж та хардаг вэ?

Хүчирхийлэл ил бус нуугдмал оршиж байдаг. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хүмүүсийн хандлага, ухамсарт нөлөөллийн ажлыг тасралтгүй сайн хийж өгөх ёстой. Олон улсад, ялангуяа БНСУ-д үүнийг маш сайн хийдэг. Хүүхдийн тусламж, цагдаагийн утас руу хандах уриалга бүхий зурагт хуудас, лоозонг гудамж, талбайд ихээр байршуулан тараадаг. Хүчирхийллийн шинжтэй үйл явдлыг мэдээлээгүй тохиолдолд өндөр дүнтэй торгууль оногдуулдаг, хөршийн холбоогоор дамжуулан дуудлага, мэдээллийг сайн өгөх зэргээр ажилладаг.

Тиймээс бид энэ жишгээр нийгэмд нөлөөлөх нь зөв. Хөршийн холбоог сайжруулснаар нэг ч гэсэн хүний мэдээлэл, дуудлага үүсэж болзошгүй эрсдлээс сэргийлж чадна. Нөгөө талаас хүүхэд хамгааллын салбарын тулгуур болж ажиллаж буй нийгмийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлж, боловсон хүчний асуудалд анхаарах шаардлагатай.

-Танай хорооны хувьд энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ? Цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаасаа танилцуулна уу.

Миний бие хүүхэд хамгаалах байрны Ээлжийн нийгмийн ажилтан, Хүүхдийн тусламжийн 108 утасны Зөвлөх нийгмийн ажилтан, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст Хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Мөн “Yewon arts university”-д энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн туршлагатай.

Одоо хариуцан ажиллаж буй хороогоо хүчирхийлэлгүй хороо болгох зорилт тавин ажиллаж байна. Манай хороо бусад хороотой харьцуулахад хүүхдийн хүчирхийлэл, 108 утасны дуудлага бага ирдэг. Гэхдээ ирсэн дуудлага, кейсийг шийдвэрлэж, хүчирхийллийн дуудлагыг 0 болгохоор зорьж байна. Энэ хүрээнд хүүхдийн тусламжийн 108 утастай хамтран нөлөөллийн ажил хийхээр төлөвлөсөн. 

ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ДОТОР НЬ ОРЖ ТЭМЦЭХЭЭС ИЛҮҮТЭЙ НӨЛӨӨЛЛИЙН АЖЛУУДЫГ ХИЙХ НЬ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ БАЙДАГ.

Хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг дурдвал Хүүхдийн тусламжийн 108 утсанд иргэн мэдээлэл өгнө. Уг дуудлага мэдээллийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон харьяа хороо руу шилжүүлдэг. Хороо бүр хүүхэд хамгааллын хамтарсан баг буюу Засаг даргаар ахлуулсан нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан, хорооны хэсгийн байцаагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр салбар, салбараараа хуралдаж тухайн асуудлыг шийдэх зөв хувилбарыг хуулийн дагуу боловсруулж гарган, арга хэмжээ авдаг.

Улс орны хөгжилд эдийн засаг чухал. Гэхдээ бид нэг юмыг л сайн ойлгох хэрэгтэй. Хүнээ хөгжүүлсөн улс орон хөгждөг. Хүүхэд хамгааллын салбар бол ирээдүйн зөв боловсон хүчин, зөв иргэнийг бий болгох гол хүч юм. Хүүхдүүдээ хамгаалснаар хөгжлийн тухай асуудал яригдана. Хүүхдийн эрхийг бүх түвшинд хамгаалснаар хүүхэд хөгжинө.